“Эрдэнэт үйлдвэр”-ээс гарсан үүсмэл ордуудын нэгийг ашиглаж буй “Эрдмин” ХХК-ийг хаалга нь цоожтой цайзтай зүйрлэж болох юм. Тус компаний талаар тодорхой мэдээлэл хайхаар хариулт нь тун бүрхэг байдаг. Удирдлагуудынх нь хаа ганц хэвлэлд өгсөн ярилцлага, сүүлийн үед тус компанитай тулж ажиллаж байгаа засгийн төлөөлөгч нарын хэлсэн үгсээс хэтрэхгүй.
Энэ компанид албан ёсны сайт гэж алга. Их наядаар хэмжигддэг борлуулалттай, өдийн дайны том компани үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй мэдээлдэг цахим хуудасгүй байгаа нь гайхшрал төрүүлж, тус компаний захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга н.Алтансүхтэй холбогдоход “Сайтдаа засвар хийж байгаа учраас түр хаасан байгаа” гэсэн хариулт өгөв. Ямар ч газар байгууллагынхаа зорилго, зорилт, бүтэц, удирдлага, үйл ажиллагааны талаар мэдээлдэг албан ёсны сайттай байх нь өөрөө наад захын шаардлага, соёл юм.
Хэдийгээр албан ёсны танилцуулах сайтгүй ч гэлээ фэйсбүүк дээр 2400 дагагч бүхий Эрдмин ХХК гэсэн нэртэй хуудас, youtube.com дээр Erdmin Col.,ltd гэсэн 33 дагагч бүхий суваг ажиллуулдаг аж. Гэхдээ ийм цөөхөн дагагчтай сувгуудаар үйл ажиллагаагаа хангалттай мэдээлдэг гэвэл учир дутагдалтай биз ээ.
Ямартай ч тус компани 1994 онд байгуулагдахад хувьцааных нь 51 хувийг эзэмшиж байсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааны тал нь “алга болсон” тухай бид өмнөх нийтлэлдээ өгүүлсэн. Эргэн сануулахад, 1991 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэд “Эрдэнэт концерн”-ийг байгуулсан бөгөөд 1994 онд “Эрдмин” ХХК-ийг байгуулж, уг компаний хувьцааны 51 хувийг “Эрдэнэт концерн”-оор дамжуулан “Эрдэнэт үйлдвэр” эзэмшиж байсан. Жилийн дараа “Эрдэнэт концерн” болон түүний бүрэлдэхүүнд ордог аж ахуйн нэгжүүдийг төрийн өмчийн оролцоогүй, хувийн компани болгосон байдаг. 2000 онд “Эрдмин” ХХК-ий үүсгэн байгуулагчдын тохиролцоогоор тус компаний 25 хувийг “Эрдэнэт үйлдвэр”, 26 хувийг “Эрдэнэт концерн” эзэмших болсон.
Гэтэл өнөөдөр “Эрдмин” ХХК-ийн хувьцааны 58.5 хувийг нь АНУ-ын “Ар Си Эм Инк” ХХК, 25 хувийг “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, 10 хувийг "МИКО Холдинг", 6.5 хувийг иргэн Ж.Дамдинжав нар эзэмшиж байна гэсэн бүртгэл УБЕГ-ын сайтад байгаа юм. “Эрдэнэт концерн”-ийг эхлээд “Эрдэнэт үйлдвэр”-ийн мэдлээс гаргаад, дараа нь түүнд үлдсэн хувьцааг Ш.Отгонбилэг агсны гэргий Д.Туяа болон иргэн Ж.Даминжав, АНУ-ын “Ар Си Эм Инк” ХХК гэсэн гурван тал хуваагаад эзэмшчихсэн хэрэг.
Эдгээр хувьцаа эзэмшигчдийн дунд нэр нь огт байхгүй Жамсрангийн Баатар гэх Монгол Улсын иргэнийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Эрдмин” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн байгаа нь анхаарал татаж байгаа юм. Нэг ч хувьцаагүй хэрнээ эцсийн өмчлөгч болчихсон нь гайхалтай.
Ж.Баатар нь 2013-2015 оны үед “Эрдмин” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан нь түүний хэвлэлд өгсөн цөөн хэдэн ярилцлагаас харагддаг. Чухам яагаад ажлаасаа чөлөөлөгдсөн нь тодорхойгүй ч хэсэг завсарлаж байгаад хожим 2020 оноос дахин ерөнхий захирлаар ажиллах болсон байна. “Ажиллаж байхдаа өөрийгөө эцсийн өмчлөгчөөр бүртгүүлсэн байх, одоо гавъяаны амралтаа эдэлж байгаа” гэсэн н.Алтансүхийн үг үнэн бол энэ нь тун хариуцлагагүй үйлдэл л дээ.
Харин гавъяаны амралтын тухайд, түүнийг ажлаас нь чөлөөлсөн гэвэл үнэнд илүү нийцэх биз. 2021 оны 9 дүгээр сард тус компаний Д.Одхүү даргатай ТУЗ хуралдаж, Б.Баатарыг ерөнхий захирлын албан тушаалаас чөлөөлж, оронд нь Саадэлэгийн Мөнхбаярыг томилсон байдаг. Гэвч шүүхээс энэ хуралдааны шийдвэрийг хууль бус гэж үзэж, хүчингүй болгосон байна. Хэдийгээр шүүхийн шийдвэр гарсан ч өнөөдрийн байдлаар тус компаний ерөнхий захирлаар С.Мөнхбаяр ажилласаар байгаа аж.
Энэ мэт тус компаний үүсэл, хөгжил, хувь эзэмшил, удирдлагын талаар маргаан дагуулсан олон асуудал байгаа нь явж явж, компаний мэдээлэл ил тод бус, хаалттай байгаагаас үүдэж байж ч мэдэх юм. Тийм ч учраас манай сайт хаалттай хаалганы цаана өрнөж буй нууцыг дэлгэхийг зорьж буй.
Хэдийгээр “Эрдмин” ХХК-д эргэлзээ төрүүлэх асуудлууд байгаа ч гэлээ дотооддоо катодын 99.999% цэвэр зэс болон кабель утас, цахилгаан монтажны утас зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд нийлүүлдэг, гадаадын хөрөнгө оруулалттай, үндэсний үйлдвэрлэгч компани юм. Иймд төр “эрдэнэсийн санг”-аа зузаатгах аяныхаа хүрээнд энэ компаний 34 хувийг эзэмшлээ гэхэд компаний засаглалыг бэхжүүлж, нээлттэй болгож, үндэстэн дамнасан компаний хэмжээнд хүртэл хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй болов уу.