Ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн бидний мэддэг Улаанбаатар хот үгүй болж, оронд нь 14 жижиг хот бий болно гэх мэдээлэл цацагдах боллоо. Энэ талаар П.Сайнзориг, Г.Лувсанжамц нарын УИХ-ын гишүүд өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Хотыг хэд хуваах вэ гэдэг дээр ач холбогдол өгөх хэрэггүй. Харин иргэдэд ажлын байр болон сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн үйлчилгээг хэр ойртуулж чадах вэ гэдэг нь л чухал юм” гэсэн байр суурийг илэрхийллээ.
2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 6 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх ч гэлээ засаг захиргааны шинэ хуваарилалтад шилжих ажил 2028 он хүртэл хийгдэнэ гэдгийг мөн хэллээ.
Шинэ хуулиар Улаанбаатар хотыг Яармаг хот, Буянт-Ухаа хот, Сонгинохайрхан хот, Баянхошуу хот, Толгойт хот, Өнөр хот, Баянгол хот, Чингэлтэй хот, Сэлбэ хот, Сүхбаатар хот, Баянзүрх хот, Дарь-Эх хот, Амгалан хот гэсэн 14 хотод хуваан, бие даан хөгжүүлэх бөгөөд нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон, орон нутгийн хотын статустай болгож, томсгоно. Мөн Хүннү, Шинэ Хархорум, Дархан, Эрдэнэт, Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгохоор тусгасан байгаа юм. Нийслэлийн болон Засгийн газрын харьяа байгууллагуудыг Хүннү хот буюу Хөшигийн хөндийд шилжүүлэн байршуулахаар төлөвлөсөн.
Уг хуулийн гол үзэл санаа нь иргэд ажил, сургуульдаа 20 минут дотор алхаад хүрчихдэг, нийгмийн үйлчилгээг ч мөн ойрын зайнаас авчихдаг байх, үр дүнд нь түгжрэлийг сааруулна гэж хууль санаачлагчид тайлбарладаг. Түүнчлэн хороодын цөөлснөөр төрийн алба хаагчдын тоог цомхон болгож, зардал хэмнэнэ. Мөн төсвийн эрх мэдэлгүй байсан хороон дарга нар төсвөө шууд захиран зарцуулдаг болно гэдэг.
Нэг анхаарах зүйл нь Үндсэн хуулийн зөрчил юм. Уг хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.” гэж заасан байдаг. Тэгвэл шинэ зохион байгуулалтаар хот нь дүүрэггүй, шууд хороонд хуваагдахаар байгаа юм. Тэгэхээр энд хууль хоорондын зөрчил үүсэж ҮХЦ дээр маргаан үүсгэж болзошгүй талаар хуульчид анхааруулж эхэллээ.
Нэг том хотыг олон жижиглэж хуваах нь манайд анх хэрэгжүүлсэн загвар биш ч харьцангуй шинэ үзэгдэл юм. Одоогоос есөн жилийн өмнө Францын Парис хотын профессор Карлос Морено энэ загварыг анх дэвшүүлсэн байдаг. Тэрээр хотын оршин суугчдын амьдралын чанарыг сайжруулах, автомашинд хэт хамааралтай байдлыг бууруулах, орчны бохирдлыг багасгах, нийгмийн тэгш байдлыг хангахын тулд “15 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх ёстой хэмээснээр Парис хот анхлан амжилттай хэрэгжүүлсэн түүхтэй.
Парис хотын тухайн үеийн дарга Анн Идальгогийн удирдлага дор 2017–2019 оны хооронд гурван дүүргийг туршилтаар өөрчлөхөд 1,000 км дугуйн зам, долоон цэцэрлэгт хүрээлэн, нэг парк шинээр байгуулагдаж, 180 сургууль, гудамжийг явган хүнд ээлтэй замтай болгожээ. Эдгээр өөрчлөлт нь автомашины хөдөлгөөнийг бууруулж, оршин суугчдын амьдрах орчныг сайжруулсан гэж дүгнэсэн байна
Австралийн Мельбурн хот нь “20 минутын хөрш” хэмээх өөрийн хувилбарыг боловсруулж, оршин суугчид өдөр тутмын хэрэгцээгээ 20 минутын дотор хангах боломжтой байхаар төлөвлөн, явган хүний зам, дугуйн зам, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулсан.
30 сая шахам хүн амтай Шанхай хот /БНХАУ/ “15 минутын амьдралын хүрээ” хэмээх төлөвлөгөөг хэрэгжүүлж, 2035 он гэхэд оршин суугчдын 99% нь нийтийн үйлчилгээний байгууламжид 15 минутын дотор хүрэх боломжтой болгох зорилт тавьсан. Энэ хүрээнд ногоон байгууламж, нийтийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж байна.
Харин Испаний Барселона хот “Суперблок” хэмээх хөтөлбөрийг хэрэгжүүлж, автомашины хөдөлгөөнийг хязгаарласан 3x3 блок бүхий бүсүүдийг байгуулсан. Эдгээр нь явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн орон зайг нэмэгдүүлж, оршин суугчдын амьдрах орчныг сайжруулсан.
Тэгвэл Дани улсын Копенхаген хот “5 минутын дүүрэг” хэмээх загварыг хэрэгжүүлж, оршин суугчид бүх хэрэгцээт үйлчилгээнд 5 минутын дотор хүрэх боломжтой болгосон.
Энэ мэтчилэн “5 минутын хот” болон “20 минутын хот” гэх концепциүд нь тухайн хотынхоо төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, суугчдын амьдрах орчныг сайжруулах зэрэг олон талын эерэг үр дүн үзүүлж байгаа ч улс төр, эдийн засаг, нийгмийн хүчин зүйлсээс хамаарч, зарим тохиолдолд эсэргүүцэлтэй тулгарсан байдаг.
Манай улсын тухайд, төрийн бодлогыг хэрэгжүүлж байгаа улс төрийн хүчин, дарга нарт иргэд нь итгэхээ больсон болохоор энэхүү хуваагдал нь өнөөдөр дураараа аашилж байгаа Х.Нямбаатарыг 14 болгон үржүүлчих юм биш байгаа даа гэсэн болгоомжлол тээж байгаа юм.