Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалын дагуу Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг нь Улаанбаатар хотын 6 зах, худалдааны төв, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймгуудын томоохон зах худалдааны төв, сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн газар, үр тарианы агуулах, хүнсний лабораториудад хяналт шалгалт хийжээ.
Мах, сүүн бүтээгдэхүүн, өндөгнөөс эмгэг төөрүүлэгч, нянгийн бохирдол, хөгц зэрэг зөрчил илэрчээ
Хяналт шалгалтаар Хүнсний Аюулгүй байдлын лавлагаа лаборатори зах худалдааны төвүүдэд зарагдаж байгаа жимс, хүнсний ногоо болон хавар тариалахаар хадгалсан үр тариа, хүлэмжийн ногооноос нийт 242 дээж авч шинжилсэн байна. Жимс, хүнсний ногооноос 79 дээж авч түргэвчилсэн шинжилгээгээр шинжлэхэд 28 дээжид пестицидийн үлдэгдэл илэрсэн бөгөөд хиамны цехээс 22 дээж авч шинжлэхэд 8 дээж шаардлага хангаагүй буюу нитрит, давс, колиформ илэрсэн байна.
Харин үр тарианы 20 дээжээс шинжилгээ авахад 12 нь шаардлага хангаагүй буюу хог ургамал, хөнөөлт шавж, хачиг илэрчээ.
Мал эмнэлгийн ерөнхий газраас малын гаралтай мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөгний эрүүл ахуй, чанар стандартад хийсэн шалгалтаар эмгэг төөрүүлэгч, нянгийн бохирдол, хөгц зэрэг зөрчил илэрсэн байна.