МҮХАҮТ нь ОУХБ-тай хамтран 2024 онд "Хүнд суртлын индекс ба өртөг" судалгааг хийсэн ба Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 975 бизнес эрхлэгчид, тэр дундаа бичил, жижиг бизнес эрхлэгчдийг хамруулжээ. Судалгаагаар төрийн үйлчилгээтэй холбоотой бизнес эрхлэгчдэд тулгарч буй сорилт, саад бэрхшээлийг тодорхойлсон байна.
Монгол улсад бизнес эрхлэхэд тулгардаг гол бэрхшээлийн нэг бол төрийн үйлчилгээний төвөгтэй, удаан, давхардсан үйл явц, мөн мэдээллийн ил тод бус байдал, бодлогын тогтворгүй орчин юм.
2024 оны “Хүнд суртлын индекс ба өртөг” судалгаагаар бизнесийн үйл ажиллагаатай холбоотой төрийн үйлчилгээний хүнд суртлын индекс 2.85 оноотой байгаа нь 2021 оны судалгаанаас бага зэрэг сайжирсан хэдий ч 2018 оны цар тахлын өмнөх түвшинд хүрээгүй хэвээр байна. Энэхүү оноо тав руу тэмүүлэх тусам сайн үзүүлэлт бөгөөд бага дүнтэй байх нь авлига, хээл хахуул өндөр байгааг илтгэнэ.
Ерөнхий индексийн 5 үзүүлэлтийн 4-т нь сайжрах төлөв ажиглагджээ. Үүнээс төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлагад хамгийн их эерэг өөрчлөлт гарсан бол төрийн бодлого, шийдвэрт бизнес эрхлэгчдийн оролцох боломж огт сайжраагүй байна.
Төрийн үйлчилгээний хүнд суртлын индекс тооцоход ашигладаг таван үзүүлэлтээс баримт бичиг, хугацаа, төрийн албан хаагч гэсэн гурван үзүүлэлт нь 2021 онтой харьцуулахад сайнаар үнэлэгдсэн ч 2018 оны түвшинд хүрээгүй байна.
Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид төрийн үндсэн дөрвөн үйлчилгээний гуравт хамгийн муу үнэлгээ өгчээ. Судалгаанд оролцсон бичил болон жижиг бизнес эрхлэгчид, хувиараа бизнес эрхлэгчид төрийн үйлчилгээг томоохон бизнес эрхлэгчдээс багаар үнэлжээ.
Энэ нь бичил жижиг бизнесүүд төрийн үйлчилгээ авахад саад бэрхшээлүүд байгаа бөгөөд эдгээр нь бизнес эрхлэгчдэд нэмэлт хүндрэлүүд үүсгэж, тэдний үйл ажиллагаа, өсөлтөд сөргөөр нөлөөлж байгааг илгэж байна.
Иймээс Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон МҮХАҮТ-аас хүнд суртлыг бууруулахтай холбоотой дараах зөвлөмжийг хүргүүлжээ.