m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.05.07 10:09
1710
Хоёр тал фронтын шугамаас 15 км ухарч, 30 км өргөн цэрэггүй бүс байгуулах уу?

 

Украин улс мөргөлдөөний одоогийн шугамаар байлдааны үйл ажиллагааг зогсоож, тэр шугамын дагуу цэрэггүй бүс байгуулахыг зөвшөөрч байгаа хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Кит Келлог Fox News-т ярилцлага өгөхдөө онцоллоо. АНУ энэ нөхцөлийг Орост ойлгуулж ятгаж чадна хэмээн Киев найдаж байгаа хэмээн тэрээр хэллээ. Дайтагч талууд фронтын шугамаас 15 км хойшоо ухрана, өөрөөр хэлбэл үр дүнд нь 30 км өргөн цэрэггүй бүс бий болж, аль аль талыг нь хянах боломжтой болно гэсэн хувилбар яригдаж байна. Гэвч Украины хямралыг эцэслэн зохицуулах нөхцөлийг одоогоор тохирсон зүйл алга. Хоёр талын байр суурь хэтэрхий хол, зөрүүтэй хэвээр байгаа бөгөөд энэ янзаараа хөдлөхгүй байгаад байвал хямрал шийдэгдэхгүй хэмээн тоймчид үзэж байна. Оросын талын шаардлагыг биелүүлсэн тохиолдолд л Украины хямрал төгсгөл болно хэмээн ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дарга Сергей Шойгу мэдэгдсэн юм. “Украины хямралыг шийдвэрлэх Оросын санал маш тодорхой. Оросын шинэ бүс нутгаас Украины цэргийг татах, Киев НАТО-д элсэх санаархлаа орхих, Украин улсыг цэрэггүйжүүлэх, нацистуудаас цэвэрлэх, орос хэлтэй иргэдийн эрхийг баталгаажуулах” хэмээн Шойгу БРИКС-ийн уулзалт дээр Оросын саналыг дахин сануулжээ.