m.mn
түрүүлж мэдээлнэ
Ярилцлага
2025.05.07 11:40
1234
Д.Жаргалсайхан: Төр засагтай л холбоотой биш бол  хувийн компаниуд өрсөлдөх боломжгүй болж байна

Эдийн засагч Д.Жаргалсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Манай улсын гадаад валютын ханш өдрөөс өдөрт чангарч байна. Гадаад валют олох гурван хөшүүргийн нэг нь гадаадын шууд хөрөнгө оруулалт шүү дээ. Тэгвэл бид гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад юун дээр алдаад байна?

-Орж ирснийг нь зодоод байна. Хэн ч юунд ч хариуцлага хүлээхгүй, юу дуртайгаа ярьсны төлбөрт хүн болгон  төлбөр төлж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг тусгайд нь баталгаажуулсан хууль байх ёстой. Өнөөдөр бид гадаадын хөрөнгө оруулалт гэх ойлголтыг 50, 60, 100 сая ам.доллараар ярих цаг нь болсон. Одоо томоохон мөнгийг оруулахын тулд тогтвортой, баталгаатай байх ёстой. Үүнийгээ хурдан хийхийн оронд улс төржиж, нэг хоёр хүнийг солих томилгоо яриад, намаар талцаж байна. Монголчуудын амьдралд нам болж  талцах нь ямар ашигтай юм. Шал дэмий фэйсбүүкээр амьдраад  эдийн засаг нохойн замаар орж байна. 

-Евразийн эдийн засгийн хэлэлцээрт та ямар байр суурьтай байна вэ?

-Хэлэлцээр гурван жилээр гэсэн. Ер нь Евразийн хэлэлцээрт яаран гүйж орох шаардлагагүй. Хойд улс орон тогтвортой биш байна. Маргааш юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй байна. Тэд нараас гарсан амжилт нь юу байгаа юм. Тэрийг судалмаар байна. 

-Энэ хэлэлцээрт нэгдсэнээр бид юу хожих вэ. Манай улс экспортдоо бэлэн үү. Илүү их хэмжээний импорт орж ирснээр бид гадаад валютын алдагдалд орохгүй юу?

-Монгол Улс уул уурхайгаас өөр юманд төрөлжиж чадахгүй байна. Уул уурхайгаас олсон ашгаараа эдийн засгаа төрөлжүүлэх, хувийн хэвшлээ дэмжих , өрсөлдөөнийг дэмжих зүйлд зарцуулах ёстой. Улс орны хөгжил гэдэг хувийн хэвшлийн хөгжил. Тэдгээрийн чөлөөт өрсөлдөөн. Чөлөөт өрсөлдөөнд төр орж ирээд төрийн компаниудын тоо улам нэмэгдэхээр улс орон хөждөггүй юм. Иймээс хувийн хэвшлээ л дэмжих хэрэгтэй. Ижил боломж олгох хэрэгтэй. Барилгын салбарт гэхэд 2025 оноос барилгын зөвшөөрөл гэж тусад нь олгохгүй өөрсдөөр нь явуулна гэж байна. Ер нь энэ олон зөвшөөрлөө болих хэрэгтэй. 

-Трампын тарифийн дайн зарим улс оронд боломж олгоод буй. Энэ зөрчилдөөнөөс манай нэхмэлийн салбар ашиг хүртэх боломж хэр байна вэ?

-Европ руу бараг 2000 бараа бүтээгдэхүүн тарифгүйгээр экспортлох боломж уг нь байгаа. Гаргаж чадахгүй л байна. Хямд мөртлөө сайн чанарын өнөөдрийн хэрэгцээ хангасан бүтээгдэхүүн бид гадагшаа, европ руу гаргаж чадахгүй байна. Шалтгаан нь төр засагтай л холбоотой биш бол  хувийн компаниуд өрсөлдөх боломжгүй болж байна. Үүнээс л их зүйл хамаарч байна. Түүнээс биш бид мэдэхгүй чадахгүй зүйлгүй шүү дээ. 

-Өнөөдрийн нөхцөл байдалд төсвийн тодотгох хэмжээнд хүрсэн үү?

-Энэ он гарсаар эхний улирлын байдлаар төсвийн алдагдал 400 орчим тэрбум төгрөгт хүрсэн. Энэ нь улстөрчдийн тэгнэ тэгэхгүй гэх асуудал биш. Нэг их наяд төгрөг хүрээд ирвэл хүссэн хүсээгүй мөрөөдөл, амьдрал хоёрын зөрүүг арилгах л хэрэгтэй болно. Жил болгон төсвийг засч байгаагийн цаад шалтгаан улс төрчид төсвөө томруулахын тулд орлогоо томоор тооцоолж байна. Бодитой баймаар байна. Улс төрийн төсвийн зардлын ашиглалтыг тусад нь хянадаг, тодорхой дүгнэлт өгдөг систем бүрдүүлэх хэрэгтэй байна. Улсын аудитын байгууллага  хангалттай биш. Төр өөрөө өөрийгөө шалгаад байж чадахгүй. 

-Одоо ямар арга хэмжээ авах вэ?

-Дэлхийд бид хоёр хөршөөсөө хамаарч байна. Баруун аймгийн эрчим хүчний системийн 80 хувийг бид ОХУ-аас авч байна .Ховдын цементийн үйлдвэр өнгөрсөн онд 160 цаг тоггүй байсан байна. Тиймээс хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, том том улс төрийн төсөл рүү ороод байхгүйгээр урдаа байгаа ажлаа хүн бүр сайн хийх шаардлагатай байна. Юу ч бүтээхгүйгээр амьдраад байдаг системтэй болсон байна.