Ялалтын баяр дөхөж байхад Украины дронууд Оросын нийслэлийг дахин довтоллоо хэмээн Москва хотын дарга Сергей Собянин мэдэгдэв. Өнгөрсөн шөнө 20 орчим нисгэгчгүй төхөөрөмж Москвагийн бүсэд орж ирснийг агаараас хамгаалах систем угтан устгажээ. Өчигдөр нийтдээ Украины талаас Оросын 11 бүс нутаг руу илгээсэн 105 дроныг агаарт устгаж чадсан хэмээн мэдээлэв. Орос улс тавдугаар сарын 9-ний баасан гаригт Аугаа их эх орны дайнд нацист Германыг ялсны 80 жилийн ойг өргөн тэмдэглэхээр бэлтгэж байгаа. Баярын гол үйл ажиллагаа, сүрт жагсаал Москва хотын Улаан талбайд болж, дэлхийн 20 гаруй орны удирдагч хүрэлцэн ирнэ. Ерөнхийлөгч Путин Ялалтын баяраар гурав хоног гал зогсооно гэдгээ зарласан ч Украины тал хүлээн зөвшөөрөөгүй. Украины арми энэ өдрүүдэд Москваг довтолсон ч болно гэсэн утгатай мэдэгдлийг Киевийн удирдагчид хийсэн юм.