Венесуэлийн нийслэл Каракас дахь Аргентины элчин сайдын яаманд таван венесуэль тэрс үзэлтэн 421 хоног хоргодсоны эцэст дипломат төлөөлөгчийн газрыг орхиж улс орноос гарч чаджээ. Талууд харилцан тохиролцсоны эцэст ЭСЯ-нд байсан хүмүүс суллагдсан хэмээн мэдээлж байв. Гэвч баттай эх сурвалж мэдээлснээр, АНУ-аас удирдсан цэргийн ажиллагааны явцад тэднийг чөлөөлж чаджээ. Энэ мэдээллийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио батлаад “Мадурогийн дэглэмд барьцаалагдсан хүмүүсийг амжилттай аварч чөлөөллөө. Нарийн нягт ажиллагааны эцэст тэд одоо бүгд АНУ-ын газар нутаг дээр эсэн мэнд ирсэн. Мадурогийн хууль бус Засгийн газар хүний эрхийн хуулийг зөрчиж, бүс нутгийн аюулгүй байдалд аюул учруулж байна. Энэ ажиллагаанд оролцож, Венесуэлийн баатруудыг суллахад тусласан бүх хүнд талархал илэрхийлье. ” хэмээн Х сүлжээгээр дамжуулан мэдэгдлээ. 2024 оны гуравдугаар сарын 20-нд Магалли Меда, Клаудиа Масеро, Омар Гонсалес, Педро Урручурту, Умберто Вияалобос нар сонгуульд Мария Корина Мачадог дэмжиж Мадурог эсэргүүцсэнийхээ төлөө мөрдөгдөн хавчигдахдаа Аргентины элчин сайдын яаманд очиж хүсэлт гарган хоргоджээ. Сөрөг хүчний удирдагч Фернандо Моттола эхэндээ тэд нартай хамт Аргентины ЭСЯ руу орсон ч тэрээр арванхоёрдугаар сарын 19-нд тэндээс гараад энэ оны хоёрдугаар сард нас барсан юм.