Жүжигчин Женнифер Анистон Лос Анжелес дахь 21 сая долларын үнэтэй Bel Air эдлэн дээрээ амарч байхад нэг автомашин гэнэт хашааны хаалгыг нь мөргөж эвдлэн орж иржээ. Ямар этгээд ингэж авирласан талаар мэдээлэл хомс байсан ч яваандаа зарим нарийн ширийн зүйл тодорхой болж байна. New York Post сонинд бичсэнээр, Жимми Уайн Карвайл хэмээх 48 настай залуу энэ хэргийг үйлджээ. Анистоны гэрийн аюулгүй байдлын ажилтнууд тэр даруй автомашин дээр очиж жолоочийг гарган Лос Анжелесийн цагдаа нар ирж баривчлах хүртэл бууны хараан доор саатуулсан байна. Уайн Карвайл гэгч этгээд жүжигчний гэрт нэвтрэн орж дээрэм хийх зорилготой байсан хэмээн үзэж байна. Гэвч тэрээр гол хаалгыг эвдэлсэн даруйдаа саатуулагдсан аж. Тэрээр хаалга андуурсан хэмээн мэдүүлж байгаа ч урьд нь хулгай, дээрмийн хэд хэдэн жижиг хэргээр шийтгүүлж явсан нь тогтоогджээ. Уг этгээд ямар зорилгоор жүжигчний зуслангийн хаалгыг мөргөж орж ирснийг цагдаа нар тогтоохоор ажиллаж байна.