Асрын алтан хараацай Үндэсний төв номын сангийн баганд үүрээ засжээ. “Өглөө нар мандах болон бүрэнхий болох үеэр сүргээрээ цуглан шаагилддаг” хэмээн тус номын сангийн ажилтан хэлсэн юм. Үндэсний төв номын сангийн баганы хананд жил бүр өндөглөөд удаж байгаа гэнэ. Биднийг очих үеэр хоёр талын баганы ханад нэлээд хэдэн үүр зассан байсан бөгөөд ангаахайнууд нь шуугилдах чимээ сонсогдож байсан юм. Ангаахайнуудын хувьд өндгөөсөө гарсны дараа 21 хоногийн дараа нисэж сурдаг гэнэ.
алтан хараацай зуны туршид хоёр удаа өндөглөх ба 4-6 цагаан өндөг гаргадаг. Нэг ирээд үүрээ засаад ямар нэг муу юм болохгүй бол жил бүр л ирж хуучин үүрээ сэлбэлж өндөгөлдөг ажээ.
Тус хараацай нь голцуу суурин газрын чийглэг орчинд амьдардаг аж. Хүнд туйлын ойромсог шувуу. Үүрээ орон байрны дээвэр доор, саравч, яс мод, малын жүчээнд барилгачин аятай шавранд өвс зууран аяга хэлбэрийн болгон барьдаг ч заримдаа хуучин үүр ашиглах нь бий. Үүр нь долоон орчим см байх ба доошоогоо таван см гүн байдаг гэнэ. Сонирхолтой нь, алтан хараацай зуны туршид хоёр удаа өндөглөх ба 4-6 цагаан өндөг гаргадаг. Нэг ирээд үүрээ засаад ямар нэг муу юм болохгүй бол жил бүр л ирж хуучин үүрээ сэлбэлж өндөгөлдөг ажээ.
Нисдэг шавьжийг нисэнгүүтээ шүүрэн барих тул үүр өндгөө дарахаас бусад цагт ийнхүү элин халин нисэж, тэжээл олж, хайж байдаг. Тэд нисэж буй шавьжийг шүүрэхэд зохилдсон богинохон, өргөн хошуутай. Мөн нисэнгүүтээ ус балгаж, биеэ усанд булхан өнгөрдөг. Алтан хараацай цагт 100-120 км нисдэг бөгөөд дэлхийн хамгийн хурдан нисдэг шувуудын нэгд тооцогддог байна.
Хараацайн төрлийн шувууд цөөнгүй байх бөгөөд эргийн хараацай, харагчин хараацай, хүрээний хараацай гэх мэтээр нэрлэгддэг. Монголчууд хараацай шувууг итгэл найдвар, аврагчийн билэг тэмдэг хэмээдэг билээ.