Израилийн арми өчигдөр Газын зурвас дахь сургууль, зах, зоогийн газрыг бөмбөгдөж 105 хүний аминд хүрсний дотор хүүхдүүд байжээ. Довтолгоо зурвасын хойд хэсэгт төвлөрч, тэнд 79 хүн амь үрэгдсэн байна. Палестин дүрвэгсэд байрлаж байгаа Абу Хамисагийн сургуулийг бөмбөгдөх үеэр 33 хүн амиа алдсаны дотор 9 хүүхэд, зургаан эмэгтэй байсан хэмээн Газын зурвасын Иргэний хамгаалалтын газраас мэдэгдэв.
Газын төв хэсэгт 12, өмнөд хэсэгт 14 хүн Израилийн довтолгоонд өртөн амиа алджээ. Амь үрэгдсэн хүмүүсийн дотор хүүхдүүд, мөн нэг сэтгүүлч байгаа аж. 80 орчим хүн шархдаж бэртжээ.
Израилийн Засгийн газар Газын зурвасыг эзэлж, тэнд тодорхойгүй хугацаагаар хяналтаа тогтоох шийдвэр гаргаснаас нэг хоногийн дараа энэ довтолгоо болсон юм. Газын зурвасыг эзэлж, хүн амыг нь өмнө зүг рүү албадан нүүлгэх хувилбар энэ шийдвэрт багтаж байгаа аж. Мөн Израилийн эрх баригчид гуравдугаар сарын 2-ноос бүслэн хаагаад байгаа хүмүүнлэгийн тусламжийг сэргээж болно, гэхдээ хуваарилалтыг нь хянаж, хязгаарлана хэмээн мэдэгдлээ.