
Өмнөд Солонгос гаралтай герман сэтгэгч Бюн Чул Хан Испанийн Астуриасын гүнжийн нэрэмжит Хүмүүнлэг, харилцаа холбооны шагналын эзэн болжээ. 16 орны 47 шүүгч герман философчийн хувь хүний эрх чөлөөний гайхалтай тайлбар, орчин үеийн сэтгэлгээний чадварыг үнэлж энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон байна. Астуриасын гүнжийн шагнал гардуулах ёслол энэ намар Овьедо хотын Кампоамор театрт болно.
Reference thinker буюу орчин үед моодонд орж байгаа зүйлийн холбоо, шүтэлцээ, харилцаа, хамаарлыг задлан тайлбарлагч Бюн Чул Ханы ярилцлагыг сонирхоно уу.
- Та “Хүн бол homo laborans (ажлын мал) биш, харин homo ludens (тоглон наадагч хүн) юм гэсэн философийг хамгийн хүчтэй гаргаж ирсэн. Үүнийг олон хүн ухаж ойлгохгүй байх шиг...?
- Өнөөдөр ажиллах, ажил хийх ёстой гэсэн дарамтны улмаас бид яаж тоглож нааддагийг мартжээ. Ажиллахгүй байхыг л бид амралт, чөлөөт цаг гэж ойлгодог болж. Олон хүний хувьд чөлөөт цаг гэдэг нь аймшигтай хоосон зүйл болж. Биднийг улам тэнэгрүүлсээр байгаа заваан, дорд зугаа цэнгэлээр чөлөөт цагаа өнгөрүүлэхийг хичээж байна. Амарч сэргэх биш бухимдаж, ядаргаанд ороод дуусч байна. Тиймээс олон хүн чөлөөт цагаараа өвчин тусч байна. Үүнийг leisure sickness гээд байгаа.
- Ажил хийхгүй амьдарна гэхээр л...?
- Аливаа зүйлийг нөгөө талаас харж сурах сэтгэлгээний асуудал юм. Ажлын цаг гэдэг зүйл дарлалаа нэгэнт тогтоожээ. Цаг хугацааны шинэ хэлбэрийг бодож олох ёстой болсон. Ажлын цаг амьдралын цагтай давхацсаны улмаас энэ амьдрал зүгээр л яах ийхийн зуургүй жирэлзээд л өнгөрч байна. Заавал ажиллах, махран зүтгэх шаардлагаас амьдралыг чөлөөлөх хэрэгтэй. Тоглож наадах, баярлаж цэнгэх зав гаргах нь амьдралыг амьдрал чигээр нь үлдээх шилдэг арга. Хүн өөрийгөө гамгүй ашиглаж, өөрийгөө бүтээх гэж байна гэж өөрийгөө алж байдаг. Хүн бол homo laborans (ажлын мал) биш, харин homo ludens (тоглон наадагч хүн) юм. Хүн ажиллахын төлөө бус, тоглож наадах гэж төрсөн.
Энэ бол бол философи, аливаа зүйлийг нөгөө талаас нь харж эргэцүүлнэ гэсэн үг.
- Философи амьдралд хэр чухал вэ?
- Өнөөгийн нийгэм бодож, эргэцүүлэх, бясалгах талаа орхигдуулсан. Философи нь эргэцүүлэн, бясалган бодох. Философоос татгалзана гэдэг нь бодох, эргэцүүлэхээс татгалзана гэсэн үг. Эргэцүүлэн бодох нь тооцоотой бодох, санаатай тооцоолохоос өөр. Өнөөдөр бодол, сэтгэхүй нь бүгд тооцоотой, санаатай болчихож. Эргэцүүлэн бодох, философлог маягаар сэтгэх нь огт өөр үр дагаварыг бий болгох чадвартай. Тиймээс дунд сургуульд философийн хичээл гэж заавал байх ёстой. Бодлоос л хувьсгал эхэлдэг. Философ бол өөрчлөлт, шинэчлэлийн эх юм.
- Та аливаа зүйлийг байнга эсэргүүцэж, эсрэг талаас нь их яриад байх шиг байдаг...?

