Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2025.05.08 16:18
876
Хөгжлийн банкны хэрэгт холбогдогч С.Магнайсүрэнг Ерөнхий аудитораар томиллоо

Хөгжлийн банкны хэрэгт холбогдогч С.Магнайсүрэнг Ерөнхий аудитораар томиллоо.

Тодруулбал, өнөөдөр УИХ-ын Чуулганаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан С.Магнайсүрэнг Ерөнхий аудитораар томилохыг хэлэлцэж, нууц санал хураалт явуулснаар 75 гишүүн дэмжсэн юм. Ерөнхий аудиторт С.Магнайсүрэнг санал болгосон хүн бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан.

Тэрбээр, өнгөрсөн есдүгээр сард албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бөгөөд Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдож, өнөөг хүртэл хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй байгаа нэгэн юм. Гэтэл УИХ дээр уг асуудлын талаар ганц үг ган хийсэн гишүүн байгаагүй нь анхаарал татаж байна.

С.Магнайсүрэнгийн хувьд гурван ч яаманд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд эрх зүйч мэргэжилтэй.

Тэгвэл түүний АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг танилцуулъя!

Хувийн орлого нь жилийн 62.8 сая бол гэр бүлийн орлого нь 66.4 сая. Орон сууц, барилга байгууламжийн тухайд 857 саяар үнэлэгдэх гурван нийтийн орон сууц, нэг зуслангийн хаустай. 75 сая төгрөгийн нэг автомашинтай бол 55 сая төгрөгийн үнэлгээтэй үнэт эдлэлтэй аж.

Мал аж ахуйн тухайд, 263 саяын үнэлгээтэй 108 адуу, 12 хурдан удмын адуу, 20 үхэр, 50 хонь, 130 ямаатай.

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 97 сая 358 мянган төгрөгийн хадгаламжтай, 10 саяын авлагатай, 29 сая төгрөгийн зээлтэй хэмээн Авлигатай тэмцэх газарт мэдүүлжээ.