Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2025.05.08 17:41
1694
Бусдын фэйсбүүк хаягийг ашиглаж 6.7 сая төгрөг залилсан хэрэг гарчээ
Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэнд танилынх нь мессенжер хаягаас “Мөнгө зээлээч” гэх чат ирсэн байна. Гэвч танилынх нь фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, иргэдийг залилсан байжээ.
Тус иргэд дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог аж.
 
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд "Бараа үйлчилгээ захиалах", "Хямд үнээр байр түрээсэлнэ", "Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна", "Гадаадын их дээд сургуульд зуучилна", "Виз гаргаж өгнө", "Шуурхай зээл гаргана", "Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай" зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийг залилах тохиолдол ихээр гарч байна. 
Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.