m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.05.09 08:43
154
АНУ, Их Британи худалдааны гэрээ байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер нар тавдугаар сарын 8-нд утсаар холбогдож ярилцсаны дараа хоёр улс худалдааны шинэ гэрээ байгуулснаа зарлалаа. “Америкийн экспортыг, тэр тусмаа хөдөө аж ажуйн бүтээгдэхүүнийг Их Британид хэдэн тэрбумаар борлуулах талаар тохиролцлоо” хэмээн Трамп тайлбарлав. АНУ-аас үхрийн мах, биоэтанол түлш нийлүүлэх талаар тохиролцсон хэмээн мэдээлж байна. Британийн талаас Америкийн Боинг онгоцны захиалгыг хэдэн тэрбумаар нэмэгдүүлэхээр болжээ. 
АНУ энэ тохиролцооны дагуу зургаан тэрбум долларын орлого олно, мөн Америкийн фермерүүд, малчид, бусад үйлдвэрлэгчид нэмэлт таван тэрбум долларын орлого олох боломжтой боллоо хэмээн Трамп мэдэгдэв. Үүнээс гадна хөнгөн цагааны худалдааны дундын бүс байгуулж, эмийн бүтээгдэхүүн нийлүүлэх найдвартай сүлжээ бий болгох аж. Тохиролцооны нарийн ширийн зүйлийг ойрын өдрүүдэд хэлэлцэн батлана. АНУ мөн Энэтхэг, Израиль, Япон, Өмнөд Солонгос, Вьетнамтай худалдааны гэрээ байгуулахад ойрхон байна хэмээн Цагаан ордноос мэдээлэв.