Стратегийн ач холбогдолтой ордуудад Монголын төр хувь эзэмших хэлцэл хийгдэж байгаа энэ цаг үед Оюутолгойн бүлэг ордод хоёр лиценз эзэмшиж байгаа “Онтре” ХХК-ийн асуудал хурцаар хөндөгдөж буй. Уг орд ямар замаар “Онтре” ХХК-ийн эзэмшилд очсон хийгээд өдгөө үүсээд буй нөхцөл байдлын талаар энэ удаа хөндье.
1995 оны 7-р сарын 19-нд “Timpite mining corporation” нэртэй компани Канад улсад байгуулагдсан бөгөөд 2001 оны 2 дугаар сарын 5-нд нэрээ “Entrée resourse`s inc” болгосон бол үүнээс 20 сарын дараа “Entrée Gold” /”Онтре гоулд” ХХК/ болгон дахин өөрчилжээ.
Тус компани нь 2005 оны 11 дүгээр сарын 18-нд Монгол Улсад “Онтре” хэмээх охин компаниа байгуулсан байдаг. Энэ компанид толгой компаниас нь шилжин ирсэн 3148Х болон 3150Х тоот тусгай зөвшөөрлийг анх 2001 онд “Монгол газар” ХХК-д олгосон. Гэвч тус компани нь хайгуул хийгээгүй бөгөөд хоёр лицензээ “Баяраам” ХХК-д шилжүүлсэн бол энэ компаниас “Эм Жи Пи”, “Транс лизинг” зэрэг компаниар дамжсаар 2003 онд “Онтре гоулд” ХХК-ийн эзэмшилд бүрэн шилжжээ. Шилжүүлнэ гэдэг нь үнэн хэрэгтээ дамлан зарсан гэсэн үг л дээ.
2004 онд тухайн үеийн “Айвонхоу майнз лимитед” буюу одоогийн “Туркойз хилл ресурс” /ТХР/ болон “Онтре гоулд” /АРЛ/ компани хоорондоо “Ашиг хуваах гэрээ” байгуулсан. Энэ гэрээгээр ТХР нь хайгуулын зардалд 35 сая ам.долларын зардал гаргасан тохиолдолд ирээдүйд олох ашгаа 70:30 эсвэл 80:20 гэсэн харьцаагаар хувааж авах тухай заасан гэдэг. 2005 онд ТХР нь “Онтре”-гийн талбайгаас 70 эсвэл 80 хувийн ашиг хүртэх эрх, үүргээ Рио Тинтод шилжүүлсэн байгаа юм.
2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд Хөрөнгө оруулалтын гэрээг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулахаар тусгасан. Тиймээс 2009 оны Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газар болон “Айванхоу майнз Монголиа инк” ХХК, “Айванхоу майнз лимитед”, “Рио Тинто интернэшнл лимитед” гэсэн дөрвөн тал хамтран байгуулсан байдаг. Гэхдээ Рио Тинто нь “Айванхоу майнз”-ийн хувьцааг шат дараатайгаар худалдан авсаар 2012 оны 7-р сарын 31-нд 51%-ийг нь эзэмших болсон бөгөөд улмаар 2022 онд үлдсэн 49 хувийн хувьцааг худалдаж авснаар тус компанийг 100 хувь эзэмших болсон. Тэгэхээр Рио Тинто Оюутолгойн 66 хувийг шууд эзэмшиж байгаа гэсэн үг.
2009 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр АМГ-аас “Онтре” ХХК-д эдгээр хайгуулын талбайд олборлолт явуулах MV-015225, MV-015226 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Үүнээс сар гаруйн дараа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаныг бид мэднэ. Энэ гэрээний 15.7.8-д “Онтре” ХХК-ийн эзэмшдэг дээрх лицензүүдийг дурдсан байгаа юм.
2017 оны 5 дугаар сарын 12-нд “Entrée Gold” компани нь “Entrée resourse`s”, “Mason resourse” гэсэн хоёр компанид хуваагдсан бөгөөд “Онтре” ХХК нь “Entrée resourse`s”-ийн эзэмшилд үлджээ. 2024 оны байдлаар “Entrée resourse`s” компаний 24 хувийг Horizon copper Corp, 16.5 хувийг “Рио Тинто интернэшнл Холдингс Лимитед” компани эзэмшиж байна.
Тэгвэл 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ванкуверын Арбитрын шүүх дээр “Онтрэ” болон “Рио Тинто”-гийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэснийг бид саяханаас мэдэх болсон. Энэ хоёр компани ашиг хуваах гэрээг аль эрт буюу 2004 онд байгуулсан талаар өмнө дурдсан. Тэр цагаас хойш 22 жил өнгөрсөн ч “Рио Тинто” уг гэрээг албажуулаагүй байсан юм. Арбитрын шүүх дээр “Онтре ресурс”-ын албажуулсан гэрээний хувийг гаргаж өгөх мөн “Онтре русурс”-ын 20 хувийг зээл хэлбэрээр гаргах зэрэг нэхэмжлэлийг хангасан төдийгүй “Оюутолгой” ХХК болон “Туркойз хилл ресурс” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлүүдийг бүгдийг хүчингүй болгосон. Гэсэн хэдий ч шүүхийн ажиллагаа хараахан дуусаагүй, дараагийн шатны шүүх хурал болох магадлалтай. Анхаарал татаж байгаа асуудал гэвэл нэг нь нөгөөгийнхөө толгой компаний 16.5 хувийг эзэмшдэг атлаа маргаанаа шийдвэрлэж чадахгүй, Арбитрын шүүх хүртэл явсан нь хачирхалтай. Ёстой л бизнест “садан төрөл” байх хамаагүй зарчим үйлчлээ юу гэлтэй.
Энэ мэтчилэн монголын баялгийг гадны компаниуд тусгай зөвшөөрөл хэмээх алга дарам цаасаар дамжуулан эзэгнэж, өөр хоорондоо наймаалцсаар ирсэн, одоо ч энэ байдал хэвээр үргэлжилж байгаа нь гунигтай. Хамгийн гол нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа “Онтре” ХХК нь мэргэжилтэй боловсон хүчин, зориулалтын техник хэрэгсэлгүй, зүгээр л тусгай зөвшөөрөл эзэмшдэг цаасан дээрх компани байгаа юм. Эзэмшсэн талбай дээрээ өөрсдөө хайгуул хийх ч чадавхгүй, бусдаар гүйцэтгүүлчихээд, ашиг хуваалцана гэж байгаа нь баялгийн өгөөжөөс хүртэж чадахгүй байгаа монголын ард түмэнд шударга санагдахгүй нь лавтай.
Стратегийн хувьд хамгийн өндөр ач холбогдолтой Оюутолгойн бүлэг орд дахь хамгийн том хоёр талбайг эзэмшиж байгаа энэ компани өнөөдөр өөрт ногдох 20 хувиас 34 хувийг нь монголын төрд эзэмшүүлэх тухай ярьж байгаа ч үүний цаана “Рио Тинто”-гийн авах 80 хувьд ногдох 34 хувь сугарч үлдэх гээд байгаа юм. Бүр нарийндаа бол Рио Тинто л эрх ашгаа тулгаж буй хэрэг. Хэрэв Монгол Улс энэ хувилбарыг зөвшөөрөх юм бол Шивээтолгой болон Жавхлантын талбайгаас ердөө зургаахан хувийн ашиг л хүртэхэд хүрнэ. Учир нь “Онтре”-гийн эзэмшиж буй талбайгаас гарах ашгийн 80 хувийг дангаар авах “Рио Тинто”-оос Монгол Улс 2039 он хүртэл ашиг авахгүй гэдгийг эдийн засагчид хэдийнэ тооцоолсон. Тиймээс бага чулуугаар их чулуу хөдөлгөх гэсэн Рио Тинтогийн мэхэнд автаж болохгүй