УИХ-ын энэ өдөр /2025.05.09/-ийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт тавин, хууль санаачлагч Э.Батшугар хариулав. Тэрбээр энэхүү хуулийн төслийг баталж, хэрэгжүүлснээр зээлийн хүүг бууруулах нөхцөл бүрдэнэ гэдгийг онцолсон юм. Хууль санаачлагч Э.Батшугар цааш нь хэлэхдээ:
Нэгдүгээрт, банкны эрсдэл буурна. Өнөөдөр Монголд зээлийн хүү өндөр байгаа нь үнэн. Нийт зээлийн хүүг 100 хувь гэж үзвэл үүний 63 хувь нь эх үүсвэрийн зардал буюу хадгаламжийн хүү байгаа юм. Энэ нь инфляци гэх мэт макро эдийн засгийн нөхцөл байдлаас хамаардаг тул энэ хэсэгт тохиргоо хийхэд хэцүү. Харин үлдсэн 27 хувьд тохиргоо хийх боломжтой. Хүүгийн эрсдэл 15 хувь байдаг. Үйл ажиллагааны зардал 22 хувь. Онооны системд шилжсэнээр эрсдэлийн 15 хувийг бууруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, банкуудын эрсдэл буурна. Сайн зээлдэгч нар болон өндөр оноотой зээлдэгч нарт илүү сайн нөхцөлтэй зээл олгодог болно. Тухайлбал, малчдын болон ахмадын тэтгэвэр барьцаалсан зээл зэрэг тогтмол авдаг зээлийн оноо өсөж, эрсдэл нь буурч, энэ нь хүүгээр илэрхийлэгдэнэ. Тэтгэврийн зээл бол бараг эрсдэлгүй зээл байдаг. Тэтгэвэр олгодог өдөр нь тодорхой, банк шууд суутгачихдаг.
Хоёрдугаарт, банкны урсгал зардал буурна. Эдийн засагч заавал хоёр долоо хоногийн турш судлах шаардлагагүй, шууд оноон дээр түшиглэж, хагас өдрийн дотор зээлийн шийдвэр гаргадаг болох учраас үйл ажиллагааны зардал буурна. Оноо нь тухайн зээлдэгчийг илэрхийлэх тул санхүүгийн үйлчилгээ авах суурь нөхцөл бүрдэнэ. Томоохон банкууд харилцагчийнхаа мэдээллийг хуваалцдаггүй. Тэгвэл онооны системд шилжсэнээр дурын санхүүгийн байгууллагад очиж, оноогоо үзүүлэн, санхүүгийн үйлчилгээ буюу зээл авах боломж бүрдэнэ. Тэгэхээр санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд хүүгийн таатай нөхцөлөөр өрсөлдөж эхэлнэ гэсэн үг.
Гуравдугаарт, барьцаа хөрөнгийн шаардлага буурна. Яагаад гэвэл, оноо нь өөрөө санхүүгийн биет бус хөрөнгө болж байгаа юм. Тэгэхээр шаардлагууд буурч, санхүүгийн хүртээмж нэмэгдэнэ гэв.
Зээлийн системд шилжсэнээр зээлийн хүү буурсан 28 улсын туршлага байна. Эдгээр улсад 2004-2019 оны хооронд зээлийн хүү 3.2-3.8 хувиар буурсан судалгааны дүн байна. Вьетнам улс гэхэд, 2000-аад оны эхээр зээлийн хүү нь манайхтай адилхан 18-20 хувь байсан. Онооны систем шилжсэнээр 5 хувиар буурч, 12-14 хувь болсон аж.
Ийнхүү УИХ-ын нэгдсэн чуулган дээр Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар ЭЗБХ руу шилжүүллээ.