УИХ-ын гишүүн, ТБХ-ны дарга Ц.Даваасүрэн Оюутолгойн бүлэг ордод хоёр лиценз эзэмшиж байгаа “Онтре” ХХК-ийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ:
Одоо орох гэж байгаа талбай бол “Рио Тинто”-гийнх биш, “Онтре” ХХК-ийн эзэмшлийн талбай. Энэ талбайд хамгийн өндөр алтны агууламжтай, хамгийн өндөр ашигтай, “өрөм” хэсэг байгаа. Оюутолгойн ашгийн графикийг харвал, 2025-2030 онд хамгийн гол ашгаа авахаар байгаа. Тиймээс энэ хариуцлагатай цаг үед бид ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа “Онтре” ХХК-ийг оролцуулан гэрээ байгуулах ёстой. Одоогийн хөрөнгө оруулалтын болон ашиг хуваарилах гэрээнд “Онтре” ХХК байхгүй. Тиймээс Монгол Улс ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа “Онтре” ХХК-тай хөрөнгө оруулалтын болон ашиг хуваах гэрээ хийхээс өөр арга байхгүй. Үүнийг хийх байх гэж найдаж байна.
Өнгөрсөн хугацаанд стратегийн ордуудын хилийг тогтоох ажил хийгдээгүй байсан хэрэг үү?
Үгүй, хилийг бол аль хэдийнэ тогтоосон. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд “Онтре” ХХК-ийн хоёр лиценз тусгагдсан ч гэлээ энэ компани оролцож, гарын үсэг зураагүй. Одоо бид тэр талбайгаас авах ашгийг хэрхэн хуваах вэ гэдгийг ашиглалтын лиценз эзэмшиж байгаа компанитай ярилцах ёстой. Гадны хоёр компани биш монголын төр ярилцах ёстой. Энэ утгаараа Оюутолгойн гэрээнд өөрчлөлт хийх боломж бүрдэнэ. Адаглаад “Оюутолгой” ХХК-ийг зээл төлдөг компани болгосныг өөрчлөх хэрэгтэй.
Үндсэн хуулийн дагуу ашгийн тавиас дээш хувийг иргэд хүртдэг байх шаардлагыг хангах нөхцөл боломж бүрдэнэ.
Нүүрсний үнэ унасны улмаас экспортын орлого буураад байгаа. ЗГ үүнийг алтаар нөхнө гээд байгаа. Тэгэхээр алтны нөөц бүхий ордуудыг шинээр ашиглана гэсэн үг үү?
Монгол Улсын экспортын орлогын 70-80 хувийг нүүрс дангаараа бүрдүүлж байгаа. 16 тэрбум ам.долларын экспортын борлуулалт хийснээс есөн тэрбум нь нүүрсний орлого байсан. Нүүрсний үнэ хоёр дахин буурчихаар есөн тэрбум чинь 4.5 тэрбум ам.доллар болчихно. Энэ алдагдлыг алтаар нөхөх боломжтой гэж үзэж байгаа. Алт өөрөө валют учраас валютын нөөцийг нэмэгдүүлнэ. Заавал голын ай савыг ухах шаардлагагүй. Бид нийт газар нутгийнхаа 25-30 хувийг л судалсан байгаа. Судалгаагаа дахиад үргэлжлүүлж, хайгуулаа эрчимжүүлэх хэрэгтэй. Хэдийнэ илэрсэн ордуудаа ашиглаад явахад монгол орны алтны нөөц хангалттай гэж үзэж байгаа.
Шууд дамжуулалтыг үзэх холбоос: