“Зорчигч тээвэр-4” ОНӨААТҮГ-аас нэрээ нууцлахыг хүссэн жолооч манай редакцид хандан, мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ:
Байгууллагын дотоод группт өчигдөр ерөнхий инженер нэг пост оруулсан. Энэ пост нь нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллагын ажилтнуудаас нэг өдрийн цалинг суутгана гэсэн агуулгатай. Ажилчид бүгд эсэргүүцсэн. Бидний нэг өдрийн цалин ойролцоогоор 110-120 мянган төгрөг байдаг. Энэ цалин амьдралд хаанаа ч хүрэлцэхгүй байхад биднээс асуулгүйгээр нэг өдрийн цалинг бүтнээр нь хандивт суутгахыг бид зөвшөөрөхгүй гэлээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээг төрийн өмчит болон хувийн хэвшлийн 10 гаруй компани эрхэлж байна. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь дотроо таван баазтай. Эдгээр бааз нь 2024 оны байдлаар нийт 810 автобустай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд автобус бүрийг хоёр жолооч ээлжлэн жолооддог гэвэл 1600 орчим жолоочтай байх нь. Баазуудын захиргааны ажилтнуудыг оролцуулбал, нийт 1800 орчим ажилтантай өнөр өтгөн “гэр бүл” гэж болох юм. Тэгэхээр салбарын ойн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд 200.0 сая орчим төгрөгийг зөвхөн төрийн өмчит автобус компаниудын ажилчдаас татан төвлөрүүлэхээр зорьж байгаа аж.
Манай редакцид холбогдсон эх сурвалж цааш нь хэлэхдээ автобуснуудын албан журмын даатгалын хугацаа дууссан бөгөөд компани сунгуулж өгөхгүй байгаа нь жолооч нарыг эрсдэлд оруулж байгаа гэв. Тодруулбал, сарын өмнө тухайн баазын нэгэн жолооч осол гаргасан бөгөөд энэ үед автобусныхаа даатгалын хугацаа дууссаныг мэдсэн байна. Нэгэнт даатгалын хугацаа дууссан тул ослын улмаас автобусанд үүссэн эвдрэл гэмтлийн хохирол болох арваад сая төгрөгийг тухайн жолооч хувиасаа гаргахаар болжээ. Харин жолооч нар үүнийг бааз төлөх ёстой гэж үзэж байгаа юм байна. Учир нь бааз нь автобуснуудыг даатгалд хамруулах мөн техникийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гэдгийг нэмж хэлсэн юм.
Нэгэнт даатгалын хугацаа дууссаныг мэдсэн баазын удирдлагууд автобусуудыг нэг сарын хугацаатай даатгуулсан бөгөөд өчигдөр буюу 5 дугаар сарын 8-ны өдөр энэ хугацаа нь дуусгавар болжээ. Жолооч нарын зүгээс автобусаа даатгалд хамруулахыг шаардаж, үүнийг хийгээгүй цагт шугаманд гарах боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. Харин баазын зүгээс “Даатгалын компанитай асуудалтай байгаа тул хугацаа хэрэгтэй байна. Та нар хүсэхгүй бол ажилдаа гарахгүй байсан ч болно. Өргөдлөө өгөөд ажлаас гарсан ч болно” гэсэн хариу өгсөн гэдгийг эх сурвалж нэмж хэлсэн юм.
Тус баазын автобусууд нэг бүр нь 300-400 сая төгрөгийн үнэтэй бөгөөд нэг их гэрэл хагараад сольё гэхээр 2.5 сая төгрөгийн үнэтэй. Иймд жолооч нар осол гаргалаа гэхэд даатгалгүйн улмаас өөрсдөө өр төлбөрт орох эрсдэлтэй хэмээн үзэж байгааг буруутгах аргагүй юм. Ажил олгогч байгууллага өөрөө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, албан даатгалын шимтгэл хураамжийг ч цаг тухайд нь төлж явах үүрэгтэйг энэхүү бичвэрээр сануулъя.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Зорчигч тээвэр-4” болон “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ”ын хэд хэдэн дугаар руу залгасан ч холбогдож чадсангүй. “Зорчигч тээвэр-4” ОНӨААТҮГ-ын ээлжийн инженертэй холбогдсон боловч “Надад энэ талаар мэдээлэл алга” гэсэн хариулт өгсөн юм.