УИХ-ын нэр бүхий 41 гишүүн Нийгмийн даатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн талаараа мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Б.Түвшин: Хоо, унааны зардлаас НДШ авахыг болиулна
Энэхүү нэмэлт, өөрчлөлт нь эдийн засаг хямарч байгаа энэ цаг үед ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогчид ажлын байр нэмэгдүүлэх сэдэл өгөх гэсэн үндсэн гурван зорилготой.
Нэгдүгээрт, Нийгмийн даатгалын тухай ерөнхий хуульд байдаг зохицуулалтаас Иргэний хуулийн зохицуулалттай хөдөлмөрийн шинж чанартай орлогоос албан журмын даатгалын шимтгэл авдгийг болиулъя гэсэн агуулгатай.
Монгол Улсын иргэн ажил хөдөлмөр эрхлэхдээ орлогоосоо 20 хүртэлх хувийн НДШ төлж байгаа нь ажилгүйдлийг ихэсгэх, ажлын байрны үр ашгийг бууруулах, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг боомилох үр дагавартай байна.
Хоёрдугаарт, хоол, унаа, байр зэрэг ашиглалтын зардлаас НДШ авахыг болиулах зохицуулалт тусгаж өгсөн.
Гуравдугаарт, байгууллагаас төлдөг НДШ-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээр хязгаарлая гэсэн агуулга байгаа юм. Энэ нь байгууллагын үр ашгийг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа.
Эдгээр зохицуулалтыг дэмжиж, 41 гишүүн гарын үсгээ зурсан гэв.
УИХ-ын гишүүн П.Ганзориг: Сүүлийн гурван жилийн дотор хувийн хэвшлийн улсад төлөх татварын өр гурав дахин өссөн.
Өнөөдөр хувийн хэвшил татварын өр, зээлийн хүү зэрэг олон дарамт дор үйл ажиллагаа явуулж байна. ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийг либеральчлах, бизнесийн орчинг таатай болгох чиглэлээр тодорхой зорилтууд тусгасан. Үүний хүрээнд ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байгаагийн нэг нь энэ хуулийн төсөл юм. Ажил олгогчийн төлдөг НДШ-ийг бууруулах мөн цалингаас бусад орлогоос НДШ авахыг болиулах гэсэн үндсэн зорилготой.
Сүүлийн гурван жилийн дотор хувийн хэвшлийн улсад төлөх татварын өр гурав дахин өссөн. 1.2 их наяд төгрөгийн татварын өртэй байсан бол одоо 4 их наяд хүрчихээд байна. Гурван жилийн өмнө 2000 орчим аж ахуйн нэгжийн дансыг хааж байгаад татвараа авч байсан бол өнөөдөр 22,000 данс хааж байна. Дансаа хаалгаад татвар төлөхөд хүрч байна гэдэг нь мөнгөн урсгалын дутагдалд орчихсон хэрэг. Энэ байдлаараа бол олон компани дампуурч, хаалгаа хаахад хүрнэ. тэр хэмжээгээр ажлын байр буурч, эдийн засагт сөрөг нөлөөлөл үзнэ.
УИХ-аас бас Татварын ерөнхий хуулийн төслийг болвсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг нь ХХОАТ болон НӨАТ зэрэг олон төрлийн татварыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа.
О.Номинчимэг: Оюутнууд, ахмадууд, хүүхдээ харж байгаа ээжүүдийн хөлсөөр ажиллах гэрээний орлогоос НДШ авахгүй
Энэ хуулийн гол үзэл санаа нь хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэхэд чиглэж байгаа. Хөдөлмөрийн зах зээл дэх оролцоог харах юм бол манай улс 67 хувьтай байгаа. Манай урд хөрш 69, Казакстан улс 71 хувьтай байгаа юм. Тоон үзүүлэлтээ харах юм бол дахиад 100 мянган хүнийг хөдөлмөрийн зах зээлд оруулах боломж байна гэж харагдаж байна. Ажиллах хүч байхгүй болчихсон байна, гаднаас авах ёстой гэж их ярьдаг. Гэтэл бид 40 мянган залуусаа Солонгос улсад ажиллуулах гэж явуулчихаад, гаднаас ажиллах хүчин авна гэдэг нь тийм ч оновтой хөгжлийн бодлого биш.
Энд байгаа 100 мянган хүний хөдөлмөрлөх орчин, тэдний ур чадварыг хэрхэн сайжруулах вэ, хэрхэн дотоодын зах зээлийг тэлэх вэ гэдэг дээр өндөр ач холбогдол өгсөн байгаа. Тийм учраас оюутан залуус болон тэтгэвэртээ гарсан ахмадууд, гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүд цагаар ажиллах, Иргэний хуулийн дагуу хөлсөөр ажиллах гэрээгээр ажилласнаар эдгээрээс авдаг НДШ-ийг байхгүй болгосноор ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа гэв.
Шууд дамжуулалтыг үзэх холбоос: