“Говийн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” өнөөдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын Биеийн тамир спортын ордонд эхэлж байна.
Энэхүү хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргах юм.
Хуралдаанд: Монгол Улсын Ерөнхий Сайд, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Говийн бүсийн Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 1183 төлөөлөгчид оролцож байна.
“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 онд Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолоор батлан, мөрдүүлж ажилласнаас хойш 23 жил өнгөрчээ. Энэ хугацаанд төдийлөн үр нөлөөгүй өгч чадаагүй тул Бүсчилсэн хөгжлийн бодлогыг судалгаа, шинэжилгээний үндсэн дээр шинэчлэн боловсруулж, 2024 оны Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан билээ.
2024 оны 64 дүгээр тогтоолоор шинэчлэгдсэн, шинэ “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын хүрээнд Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн, Баруун, Улаанбаатарын гэсэн эдийн засгийн 7 бүс тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан бөгөөд Говийн бүсийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, уул уурхай, говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэн “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс” байхаар төлөвлөгөөнд тусгажээ.
Шинэчилсэн “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-д олон улсын бүсчилж хөгжүүлэх бодлогоос судалж, орон зайн эдийн засгийн хөгжлийн бодлогод мэдээллийн технологийн нөлөө, шинэ онолын загварууд тусгагдан боловсруулагдсанаар 2024 оноос бүсчилж хөгжүүлэх бодлого, төлөвлөлт цоо шинэ шатанд яригдах боллоо.