Панда сэдэвтэй шинэ үеийн жуулчны галт тэрэгний нээлтийн аялал замдаа гарчээ. 16 өдөр, 15 шөнийн аялал Сичуан мужийн Чэнду хотоос эхэлж Шинжаан Уйгурын нутгийг хөндлөн гулд туулна. Оросын Zaren Gold хэмээх тансаг зэрэглэлийн галт тэрэг Монголоор дайран Бээжин-Москвагийн хооронд аялж, олон мянган жуулчдыг татдаг байсан. Хятадууд энэ жишгээр тансаг зэрэглэлийн галт тэрэг бүтээж анхны аялалд нь гаргаад байна. Чэнпу хотоос гарсан панда галт тэрэг мөнх цас уулс, ой мод, цөл, Говь зэрэг дуу алдам байгалиар дайрч, эртний Кашгар хот, Тяншан, Тэнгэрийн нуур, Алтайн Хэму тосгон, Канас нуур, Турпан зэрэг газруудаар зочилно. Аялалын урьдчилсан борлуулалт өнгөрсөн арванхоёрдугаар сард эхэлж эрэлт их байсан тул есдүгээр сар хүртэлх бүх аялал зарагдаж дуусчээ. Худалдан авагчдын 70 хувь нь Сингапур, Малайз, Тайландын иргэд байгаа аж. Шинжаан мужийг хөндлөн туулах 16 өдрийн аялалын үнэ 55.900 юань (7.700 доллар). Энэ үнэд галт тэрэгний тасалбар, бүх үйлчилгээтэй тохилог өрөө, хоол, галт тэргэнд хүргэх, тосох үйлчилгээ, зогссон газруудын гол үзвэрийн тасалбарууд багтжээ.