
“Төр гэдэг чинь үнэхээр аймаар юм байна...” хэмээн гайхшаа барсан үгээр эхлүүлсэн залуу бүсгүйн шууд дамжуулалт, газрын маргаан, төрийн дээрмийн талаарх мэдэгдэл сүүлийн хэдэн өдөр олон нийтийн анхаарлыг татаж байна.
“Миний аав Болд 1990 оноос эхлэн наймаа хийсэн. Улс төрд ойр байж, ар өврийн хаалга ашиглалгүй, цэвэр өөрийн хүч хөдөлмөр, хөлс зүтгэлээр хурааж хуримтлуулсан хөрөнгөөрөө олон ч үл хөдлөх хөрөнгө худалдан авч байсан. “Blus sky tower”-ын хажуудах энэ газрыг ч мөн холбогдох хууль, журмын хүрээнд авч байсан. Гэтэл өнөөдөр шүүхийн шийдвэргүйгээр хүчний байгууллагыг ашиглан хашаанд нэвтрэн орж ирж, барилгыг нураагаад эхэллээ” хэмээн Б.Дэлгэрзаяа цахим хуудсандаа шууд дамжуулалт хийх үедээ ярьсан.

Энэ хэрэгт холбогдох газрын эзэмшлийн түүхийг сөхвөл, 1981 онд Сайд нарын зөвлөлийн нэг дүгээр орлогч Рагчаагийн гарын үсэгтэй “Лениний нэрэмжит клубын газрыг ЗХУ-ын ЭСЯ-нд хугацаагүй, үнэ төлбөргүй, татвар хураамжгүйгээр эзэмшүүлэх” агуулгатай тогтоол гарсан аж. Уг тогтоолд дурдагдсан 1.05 га газарт бидний нэрлэж заншсанаар “Ленин” клубээс гадна “Бамбарууш” кафе /хуучнаар/, Уран зургийн галаей бас багтдаг юм байна.
1994 оны 3 дугаар сарын 2-ны өдөр гарсан тухайн үеийн Ерөнхий сайд П.Жасрай гуайн гарын үсэгтэй Засгийн газрын тогтоолд “ОХУ-ын Засгийн газар Санкт Петрбург хотын даргын хүсэлтийн дагуу Лениний нэрэмжит клубыг Санкт Петрбург хотын мэдэлд шилжүүлж, уг байшинг дипломат үйл ажиллагаанд ашиглахгүй болсныг харгалзан үзэж, тус клубын эзэмшилд олгосон 1.05 га газрын эзэмшигчийг тогтоох асуудлыг зохих хууль тогтоолын дагуу Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх нь зүйтэй. Үүнтэй холбогдуулан, эдэлбэр газар эзэмшүүлэх тухай Сайд нарын зөвлөлийн 1981 оны 262 дугаар тогтоолыг 1994 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай” гэсэн Засгийн газрын тогтоол гарсан байна.

Ийнхүү Ленин клубын барилгын доорх газраас бусад талбайг хэрхэн ашиглахыг шийдвэрлэх эрх нь Нийслэлийн Засаг даргад шилжсэн байгаа юм. Энэ эрх мэдлийнхээ хүрээнд тухайн газрыг хэд хэдэн аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр хувааж өгсний нэг нь Б.Дэлгэрмаагийн аав Болдын үүсгэн байгуулсан гэр бүлийн эзэмшлийн “Оргил МГЛ” ХХК аж.
2018 онд газар эзэмших эрх авсан тус компани 2019 онд тухайн газар дээрээ барилга барьж эхэлжээ. Мэдээж, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар биш болохоор төрийн 10 гаруй байгууллагаас барилга барихыг зөвшөөрсөн мэргэжлийн дүгнэлт, зөвшөөрлийг авсан байгаа юм. Энэ олон байгууллагын дүгнэлтийг хуурамчаар хийх боломжгүй гэдгийг “Оргил МГЛ” компанийн өмгөөлөгч хэлж байна. 2020 онд бүх газрын гэрчилгээг A дугаартай болгох ажил хийгдэх үед гэрчилгээг нь шинэчлэхдээ 2035 он хүртэл 15 жилийн хугацаатай олгосон аж.

Энэ сарын 1-ний өдөр тус газар дээр барьж буй барилгыг нурааж, албадан чөлөөлнө гэсэн тогтоол гараад, маргааш нь цагдаагийн алба хаагчдыг тус барилгын хашаанд нэвтрүүлсэн байна. Mass.mn сайтын сурвалжлах баг энэ өдөр газар дээр нь очиж ажиллахад “Оргил МГЛ” ХХК-ийн зүгээс хуулийн дагуу газар авч, барилга барьж байсан гэдгээ нотлох 67 төрлийн баримт бичгийг хувилан хашаан дээр наасан байдалтай байв.

Эл маргаан нь 2020 оноос эхэлж, шүүхдэлцээд явж байгаа юм байна. Анхан болон дунд шатны шүүхээс “Оргил МГЛ” ХХК-д тус газар дээр барилга барихыг түдгэлзүүлж, тэдний зүгээс гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул дээд шүүхэд хандсан аж. Дээд шүүхийн хурал нь энэ сарын 15-нд товлогдсон бөгөөд шүүх хурал болоогүй байхад ийнхүү хүч хэрэглэн, хувийн өмчид халдаж байгаа нь төрийн нэрийг барьсан увайгүй дээрэм гэлтэй.
Газар чөлөөлөх үндэслэлээ “ОХУ-ын газар тул хоёр орны харилцаанд сэв суулгахгүйн тулд газрыг чөлөөлж өгнө гэж тайлбарласан” хэмээн өмгөөлөгч Болдын гэр бүлийнхэн мэдэгдсэн. Гэхдээ уг газар нь ОХУ-ын эзмэмшлийнх байхаа больсон гэдгийг өмнө дурдсан. Тиймээс ОХУ-ын нэрийг барьж, дээрэмдэж авчихаад хэдэн жилийн дараа өөрсдөө хуваагаад идчихсэн байх вий хэмээн хардаж байгаагаа ч тэд илэрхийлсэн.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар авсан газар дээрээ мэргэжлийн байгуулллагуудын дүгнэлт, зөвшөөрлийн дагуу барьж байсан барилга буюу өмчид халдсанаараа хувийн өмчийг дээдэлдэг ардчиллын зарчмаас ухарсан хэрэг болж байна хэмээн олон нийт дургүйцлээ илэрхийлсээр байна.
Иргэд, аж ахуйн нэгжүүд төрд газраа дээрэмдүүлсэн иймэрхүү тохиолдол нэг бус удаа байдаг. Тухайлбал, 13-р хорооллын автобусны буудалд ойрхон байрлаж байсан “Ийст” худалдааны төвийг шатахад газар дээр нь цэцэрлэгт хүрээлэн байгуулна гээд гэчихээд одоо худалдаа, үйлчилгээний төв барьж байна. Мөн “Урт цагаан”-ыг нураагаад цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэчихээд бас л үйлчилгээний төв барьж байна. Энэ мэтчилэн хотын үнэ цэнтэй газруудыг дарга нар дээрэмдсэн хэвээрээ байх уу гэдгийг хуульч О.Батхүү хэлнэ билээ.

Хотын дарга Х.Нямбаатар олон нийтийн хэл амнаас айлгүйгээр зоригтой алхмууд хийж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ нэгэнт хууль журмын дагуу авсан газар дээрээ тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө, хүн хүч, цаг хугацаа зарцуулаад босгож буй барилгыг нурааж, газрыг нь дээрэмдэхийг өнөөдөр бид зүгээр хараад суувал маргааш таны, миний амьдарч буй газрыг булааж, байшинг нь нураахгүй гэх баталгаа байхгүй л гэсэн үг. Бид хэзээ өмч хөрөнгөө төрд дээрэмдүүлнэ гэсэн айдасгүй, тайван амьдрах вэ, хотын дарга аа!
