Э.Ирэхбаяр
Редактор
Ярилцлага
2025.05.12 15:24
399
Ц.МӨНХБАТ: Бүтээгдэхүүнийг үнэ цэнтэй үед нь аль болох ихээр гаргаж байж, эдийн засгийнхаа багтаамжийг нэмэгдүүлнэ

Масс.мн сайтын сурвалжлах баг Дорноговь аймагт ажиллаж, “Говийн бүсийн зөвлөл” анхдугаар чуулганаас шууд дамжуулсаар байна. Энэ удаа УИХ-ын гишүүн Ц.Мөнхбатаас тодрууллаа.

Говийн бүс рүү ус татах тухай олон жил ярьж байгаа ч хэрэгжүүлээгүй. Одоо эргээд ярьж эхэлж байгаа нь танд хэр итгэл үнэмшил төрүүлж байна?

Гадаргын усыг Өмнөговь аймаг руу аваачих төсөл бүрэн дүүрэн хэрэгжинэ. Баруун талдаа “Орхон-Онги” төсөл хэрэгжиж эхэлж байна. Зүүн талд “Хэрлэн тооно” гэж том төсөл бий. Усны төслүүд дандаа геополитиктэй холбоотой, заавал аль нэг хөрш оронтойгоо хэлцэлд орж байж явдаг юм байна. Өмнө нь бид эдгээр төслийг улс төржүүлээд явуулдаггүй юм болов уу гэсэн ойлголттой байдаг байсан. Гэхдээ ард нь ийм асуудал байдаг юм байна.

Одоогоор “Эрдэнэс Оюутолгой” компаний санхүүжилтээр “Хэрлэн тооно” төслийн ТЭЗҮ-ийг хийж байгаа. Өмнө нь яг үнэндээ олон улсын стандартыг хангах ТЭЗҮ байдаггүй байсан юм байна. Одоо илүү нарийвчлан хийж байна.

Засгийн газар төсвийн орлогыг голчлон бүрдүүлдэг нүүрсний экспорт, гарцыг нэмэгдүүлэхийн тулд шинээр боомтууд нээхэд онцгойлон анхаарч байна. Байгаа баялгаа яаран гаргах нь зөв үү?

Ер нь бүтээгдэхүүнийг үнэ цэнтэй үед нь аль болох боломжийн хэмжээгээр гаргаж байж, бид эдийн засгийнхаа багтаамжийг нэмэгдүүлнэ. Ингэж байж, ДНБ нэмэгдэнэ. Эдийн засгийн эргэлт  сайжирч, улсын орлого нэмэгдэнэ.Тэгэхээр хил дамнах боомтуудын дэд бүтцийг аль болох богино хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.  

Гашуунсухайт-Ганц модны боомтыг олон жил ярьж байж хэрэгжүүлэхээр болсон. Засгийн газарт намууд хамтарсан үедээ аль болох ойлголцолд хүрч байж, хил холболтын гэрээ байгуулахыг УИХ соёрхон баталсан. 5 дугаар сарын 14-нд энэ ажлыг нээж эхлүүлнэ. Энэ бол эдийн засгийн гарцыг нэмэгдүүлэх маш чухал ач холбогдолтой.

Цагаандэлийн боомт дээр болгоомжлох асуудлууд бас бий. Эхлээд ямар чиглэлээр хөгжүүлэх юм бэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Дэд бүтцээ эхлээд шийдвэрлэхгүйгээр тэнд байгаа ан амьтдыг үргээчих вий гэж нутгийн иргэд болгоомжилж байна. Тиймээс энэ боомтыг нээлээ гэхэд уул уурхайн чиглэлээр үү, эсвэл аялал жуулчлалын чиглэлээр үү гэдгийг эхлээд шийдэх хэрэгтэй. Сэтгэлийн хөөрлөөр нээнэ гэж шийдвэр гаргах, эсвэл нээлгэхгүй ээ гээд тас хориглож болохгүй. Энэ удаагийн чуулган дээр Цагаандэлийн боомтын асуудлыг нэлээд ярих шинжтэй байна.

Ханги мандал, Нарийн сухайт гээд цэвэр уул уурхайн боомтууд байна. Эдгээр боомтууд дахь бүтээн байгуулалтыг маш богино хугацаанд гүйцэтгэх ёстой гэж бодож байна.

“Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнд Өмнөговь аймаг төдийгүй говийн бүсийн аймгуудад хөрөнгө оруулалт хийнэ гэж заасан байдаг. Гэрээний энэ заалтыг хэр хэрэгжүүлж байна гэж Та үзэж байгаа вэ?

Би хувьдаа сэтгэл дундуур байдаг. Бүсээс сонгогдсон гишүүд “Оюутолгой”-н үйл ажиллагаатай танилцаж байсан. “Оюутолгой” ХХК-аас Өмнөговь аймаг, тэр дундаа Ханбогд сумтай түлхүү хамтарч ажиллана гэдэг. Би бол өөр байр суурьтай байдаг. Манай аймаг нөлөөллийн бүсэд байдаг. Ялангуяа Улаанбаатараас Мандалговь, цаашаа Даланзадгад чиглэсэн хэвтээ чиглэлийн авто зам маш их хэмжээгээр эвдэрсэн. Энэ замыг эвдэж сүйтгэхэд “Оюутолгой” оролцсон. Тиймээс “Оюутолгой” нийгмийн хариуцлагын хүрээнд ч тэр, нөлөөллийн бүсийн аймгуудад адилхан хөрөнгө оруулалт хийгээд явах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Мэдээж, хувь хэмжээний хувьд жаахан ялгаатай байж болно. Одоо “Онтре”, “Оюутолгой” гэсэн хоёр компани Монгол Улсын Засгийн газарт мэдэгдэлгүйгээр хоорондоо гэрээ байгуулсан асуудал хөндөгдөж байна. УИХ-аар орж ирэхэд нь байр сууриа илэрхийлнэ.

Бүсчилсэн хөгжлийн зарчим, үзэл баримтлал ч үүн рүү чиглэж байгаа. Тиймээс бүс нутгийн хувьд хөгжихийн тулд аль хэсгээ түрүүлж хөгжүүлэх юм, үүнийгээ эрэмбэлье. Эрэмбэлэхдээ аль нэг аймаг давуу байдал гаргалгүйгээр, тойрч сууж байгаад ярилцъя. Ингэснээр дараагийн ярих сэдэв, хийх ажил яригдаад явна гэж бодож байна.

Шууд дамжуулалт үзэх: