

Дорноговь аймгийн Сайншанд хотод Говийн бүсийн хэлэлцүүлэг өрнөж, Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж буй. Үүнтэй холбоотой Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр
"Говийн бүсэд ЗГ-ын 14 том мега төслийн долоо нь хэрэгжинэ. Дундговь, Өмнөговь аймаг хамгийн ажилгүйдэл, ядуурал бага аймаг. Уул уурхай хөгжиж байгаа цалин арай өндөр салбараа дагасан нүүдэл говийн бүсэд ирж байна. Үүнийг дагасан нийгмийн асуудлыг урьдчилж шийдэх асуудал байна. Уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарт гарч буй үйлдвэрлэлийн ослыг өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэж байна. Хөдөлмөрийн эрүүл мэнд буюу эрсдлээс хэрхэн сэргийлэх вэ, хөдөлмөрийн чадвар алдсан үед хэрхэн сэргээх вэ гэхчилэн бодлогын асуудал тулгарч байна. Одоо манайд осолд орсон тохиолдолд насаараа группт орчихдог. Бусад улсад нөхөн сэргээх эмчилгээ сайн хийдэг. Иймээс говийн бүсэд, эрсдэл өндөр салбаруудад үйлдвэрлэлийн ослын даатгал, урьдчилан сэргийлэх тогтолцоог зайлшгүй сайжруулах шаардлагатай байна.
Өнөөдөр говийн бүсийн Хөдөлмөр халамжийн удирдлагуудтай уулзлаа. Өмнө нь 250 мянган иргэн хүнсний талон авдаг байсан бол сүүлийн хоёр жил багасч, 90-ээд мянган хүн авдаг болсон байна. 330 сум хүнсний талон авдаг байсан бол одоо 110 сум болж, Дундговь, Өмнөговь аймаг хүнсний талоноос бүрэн татгалзсан сайн туршлага байна" гэлээ.
