“Говийн бүсийн зөвлөл” анхдугаар чуулганд оролцож буй Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуунаас бүсчилсэн хөгжилд Дундговь аймаг ямар оролцоотой байх талаар тодрууллаа.
Бүсчилсэн хөгжлийн асуудал яригдаж байгаа энэ цаг үед Дундговь аймгаас хөгжлийн ямар зорилтууд дэвшүүлж байгаа вэ?
Цагаан суварга хэмээх үзэсгэлэнт газартаа түшиглэсэн палентлогийн аялал жуулчлалын төв байгуулагдах ТЭЗҮ хийлгэсэн байгаа. Говийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор бид аймгийнхаа Их газрын чулуу, Бага газрын чулууг хэвтээ тэнхлэгийн болон бусад замтай холбох, тухайлбал, Арвайхээр, Мандалговь, Чойр гэсэн хэвтээ тэнхлэгийн замыг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай байгаа. Даланзадгад-Улаанбатар чиглэлийн замыг хоёр урсгал, дөрвөн эгнээтэй болгохоор ярьж байна. Энэ хоёр зам нь манай аймгийн араар 1.5 км зайд хөндлөн огтлолцож байгаа. Үүнийг бид “Хөгжлийн дөрвөн зам” гэж нэрлээд, ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулж, аялал жуулчлал, тээвэр логистик, хөнгөн, хүнсний үйлдвэр, технологийн парк байгуулах төсөл оруулж байгаа.
Манай аймгийн хувьд нар, салхины эрчим хүчний нөөцөөрөө улсдаа тэргүүлдэг. Тиймээс бид нар, салхины эх үүсвэр бүхий сэргээгдэх эрчим хүчний төв болох зорилт тавиад, Засгийн газрын тогтоолд оруулахаар ажиллаж байна. Мөн Монгол Улсын хүрэн нүүрсний нөөцийн 63 хувь нь Дундговьд байдаг. Үүн дээрээ тулгуурлаж, эрчим хүчний найдвартай эх үүсвэр болох цахилгаан станц байгуулах асуудлыг оруулахаар ажиллаж байна.
Хог хаягдал шатааж, эрчим хүч гаргаж авах тухай яригдаж байсан. Мөн гүүгл маф дээр түшиглэсэн төсөл хэрэгжүүлнэ гэж байгаа. Энэ талаараа мэдээлэл өгөөч?
Эдгээр ажлыг 2025 онд орон нутгийн төсвөөр хийнэ. Манай аймагт дулааны станц байхгүй. БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр арван аймагт дулааны станц баригдаж байгаагийн нэг нь манайх. Гэхдээ манайд 40 хувьдаа хүрээд гацсан байдалтай байгаа. Дулааны станцгүй учраас ямар нэгэн барилга байгууламж барих, үйлдвэрлэл явуулахад хүндрэтэй байдаг. Энэ төслийг хэрэгжүүлснээр бид хог болон дулааны асуудлыг шийдэх зорилт тавьсан. Тиймээс хог шатаагаад дулаан гаргах бага оврын станц барихаар болсон. Эндээс 9.8 Mbt дулаан гарна. Үүнийгээ түшиглээд үйлдвэрлэлийн бүс болгох зорилго тавьж байна.
360 төслийн хувьд, аймгийнхаа бүх байгууллага, үйлчилгээний төвийг энэ аппликэшнд оруулахаар гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ аппликэшн нь ашиглалтад орсноор Дундгов аймагт үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын газрууд, малчин кэмпүүд, үйлчилгээний газруудыг дэлхийн хаанаас ч ороод, 3D-ээр үзэх боломжтой.
Тэгвэл мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлд ямар бодлого баримталж байна вэ?
Манай аймаг мал аж ахуйгаараа улсдаа тэргүүлдэг аймгуудын нэг. Аймгийн ДНБ-ий 60 орчим хувийг мал аж ахуй бүрдүүлдэг. Тиймээс энэ жил “Малчин, мал аж ахуйг дэмжих хөтөлбөр”-ийг анх удаа хэрэгжүүлж эхлээд байна.
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 500 гаруй хоршоод 50 орчим тэрбум төгрөгийн зээл, санхүүжилт авсан. Бид үүн дээр нь тулгуурлаад дундын хоршоо байгуулах зорилт тавин ажиллаж байна. Ийм дундын хоршоо байгуулснаар хоршоодын бүтээгдэхүүнийг үйлдэр, технологийн паркад нийлүүлэх ажлыг зохион байгуулж явах юм.
Түүнчлэн “Малчны хөгжлийн төв”-ийн ТЭЗҮ хийгдэж байгаа. Хийгдээд дуусахаар үйлдвэрүүдээ бойжуулах, шинэ үйлдвэрүүдийг дэмжих ажлыг хийнэ.
Энэ жил аймгийнхаа ЖДҮДС-д анх удаа 400 сая төгрөг тавьсан. Үүнийг нэмэгдүүлж хоёр тэрбум хүртэл төгрөгт хүргэе гэдэг саналыг сая ХХААХҮ-ийн сайдад тавьсан, сайд дэмжихээ илэрхийлсэн. Энэ санхүүжилтээс бид “малчин кэмп”-үүдийг дэмжиж, зээл олгоно. Бүх сумдад “Малчин кэмп” байгуулна гэдгээ зарласан. Ингэснээр малчид өөрсдөө гадаад, дотоодын жуулчид хүлээн авах боломжийг нэмэгдүүлж байгаа.
Бүсчилсэн хөгжлийн нэг чухал зорилт бол үйлдвэрлэлийг кластер байдлаар хөгжүүлэх. Тэгвэл говийн бүс нутагт ямар чиглэлээр кластер хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна вэ?
Бусад орнуудаас ааруул, ингэний хуурай сүү авах хүсэлт их ирдэг. Гэхдээ хангалттай нийлүүлж чадахгүй байгаа. Тэгэхээр энд тэнд жижиг үйлдвэр байгуулахын оронд аж үйлдвэр, технологийн парк дээрээ төвлөрүүлчих юм бол бусад аймаг ч гэсэн бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой болно.
Үүний тулд хоршоогоо сайн дэмжиж өгөх хэрэгтэй юм билээ. Хоршоод буюу малчид үйлдвэртээ хувь эзэмших ёстой. Ингэж харилцан ашигтай, мөн хариуцлага хүлээдэг байж, энэ үйлдвэр ашигтай ажиллана.
Боомтуудыг хөгжүүлэх нь Дундговь аймгийн хөгжилд хэр дэмтэй вэ? Таны байр суурийг сонирхъё?
Манай аймаг улсын хилтэй залгаа биш болохоор боомт байдаггүй. Гэсэн хэдий ч Өмнөговь болон бусад боомтууд руу явахад манай аймгаар дамжаад явдаг. Тиймээс боомтуудын дундын гаалийн талбайг Дундговь аймагт байгуулах санал тавьсан. Баруун, зүүн аймгуудыг холбох хэвтээ тэнхлэгийн, Улаанбаатар, Өмнөговийг холбох босоо тэнхлэгийн зам манай аймгаар дамжиж байгаа учраас энэ бол боломжтой. Дагуулаад тусгай бүс, чөлөөт бүс байгуулах боломж ч бүрдэнэ гэж үзэж байгаа.
Говийн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн салбарын нөлөөлөл танай аймагт эерэг болон сөргөөр хэрхэн илэрч байгаа вэ?
Манай аймгийн иргэд Өмнөговь аймаг дахь уурхайнуудад очиж ажиллаж байна, үүний улмаас ажиллах хүчний хомсдолд орж байна. Зам харгуй эвдэж сүйтгэх асуудал ч байна. Маш их эвдрэлтэй, осол их гардаг учраас улсын төсөвт энэ жил 39 тэрбум төгрөг тавиулж, гурван цэг дээр их засвар хийх гээд, тендрээ зарласан байгаа. Энэ мэтээр манай аймаг уул уурхайн нөлөөлөлд байгаа учраас хамтран ажиллах талаар уул уурхайн компаниудтай ярьж байна.