“Говийн бүсийн зөвөлгөөн” анхдугаар чуулганд оролцсон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсууриас тодрууллаа.
Орон нутгийн иргэд танай яам болон сайдад хандаж, ямар санал хүсэлт хэлж байна?
Иргэд орон сууцны асуудал сонирхож байна. Тухайлбал, ипотекийн зээлийг орон нутагт түлхүү хуваарилаач гэсэн санал тавьж байна. Энэ зээл 10 гаруй жил хэрэгжиж, зохих үүргээ биелүүлсэн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийг бүрэн утгаар нь ойлгоогүй байсан байна. Ипотекийн зээлийн гол агуулга нь анх удаа орон сууцанд орж байгаа эсвэл залуу гэр бүл гэх мэт орлогод нийцсэн орон сууцтай болоход зориулагдсан байсан. Гэтэл нэг айл хоёр, гурван байр авдаг, илүүгээ түрээсэлж, орлого олдог гэх мэт алдаа гарсан. Эдгээр алдааг засаж, анх удаа орон сууцанд орж байгаа өрхүүдэд зээл олгоно. Дээр нь төвлөрлийг багасгах зорилгоор ипотекийн нийт зээлийн 60 орчим хувийг орон нутагт олгох ёстой.
Өнөөдөр хоёр өөр Монгол бий болчихсон байна шүү дээ. Нийт хүн амын 50 орчим хувь нь төвлөрсөн, агаар, хөрсний бохирдол, түгжрэл, нягтрал ихтэй Улаанбаатар, нөгөөх нь маш том нутаг дэвсгэрт амьдарч байгаа цөөхөн хүн ам. Тэгэхээр Улаанбаатар хот болон орон нутагт амьдарч байгаа иргэдийн амьдралын чанарыг адилхан хэмжээнд хүргэх ёстой. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хот болон бусад хотуудад гаргасан алдааг орон нутагт давтахгүйн тулд аймаг, сумыг эртнээс төлөвлөлттэй болгох ажлыг хийж байна.
Таны хувьд нийтийн орон сууцнаас гадна амины орон сууцанд ипотекийн зээлийг олгоё гэдэг байр сууриа удаа дараалан илэрхийлсэн. Гэхдээ орон нутагт амины орон сууц барихад дэд бүтцийн хөгжил дутмаг байдаг шүү дээ?
Тийм ээ, орон нутагт, ялангуяа сумдад өрх бүрийг орон сууцтай болгохын тулд юуны өмнө дэд бүтцийг шийдэх ёстой. Ингэх юм бол иргэд өөрийн хөрөнгөөр амины орон сууцаа барих боломжтой болно. Амины орон сууц буюу хаус хотхонууд бий болно.
Амины орон сууцанд ипотекийн зээл олгохдоо хэд хэдэн шаардлага тавьж байгаа. Юуны өмнө дулааны алдагдалгүй байх ёстой. Сайхан том байшин барьчихаад, хадаг зүүгээд, найраа хийсэн өдрөөсөө эхлээд дулааны алдагдалтай байх юм бол өрхийнхөө эдийн засагт халтай, улс орондоо хүрэлцээгүй байгаа эрчим хүчинд ч халтай байна. Тиймээс цаашид дулааны алдагдалгүй, байгалийн гамшигт тэсвэртэй зэрэг нөхцөлүүдийг хангасан, дэд бүтцэд холбогдсон байх юм бол ипотекийн зээлийг олгоно гэсэн байр суурьтай байгаа.
Үүнээс гадна бид сумын хөгжлийн таталцлыг бий болгоход анхаарал тавьж ажиллаж байна. Жишээлбэл, тухайн аймгийн аль нэг хүн ам ихтэй сум нь таталцлын төв болоод бусад нь тэр сумандаа таталцаж хөгжих боломжийг бүрдүүлэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгаа.
Шууд дамжуулалт үзэх: