Улаанбурхан өвчний нөхцөл байдал, авах арга хэмжээний талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр: "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1756 тохиолдол бүртгэгдэж, 1199 нь эдгэрсэн. Нийт тохиолдлын 73 хувь нь нийслэлд, 27 хувь нь 11 аймагт бүртгэгдсэн. Насаар нь авч үзэх юм бол 10-14 насны хүүхэд нийт тохиолдлын 40 орчим хувь, 0-4 насны хүүхэд 22 хувийг эзэлж байна. Мөн өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ-д 804 хүн хэвтэн эмчлэгдээд гарсан бол одоо 264 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Мөн улаанбурхан өвчнөөр халдварласан, дархлаажуулалтад хамрагдаагүй 4 сартай хүүхэд өнөөдөр үүрээр нас барсан харамсалтай явдал боллоо. Тухайн хүүхдийн хувьд сар гаруй хугацаанд хатгалгаатай явж, 2-3 эмнэлэг дамжиж явсан, биеийн байдал хүнд ирсэн.
Улаанбурхан өвчний халдвар ихэссэнтэй холбогдуулан дархлаажуулалтад хамрагдах нас болоогүй болон архаг хууч өвчтэй хүүхдүүд хүнд тусаж болзошгүй тул эцэг эхчүүд, ард иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах шаардлагатай байна" гэлээ.