Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бодлогын үндсэн 4 чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасны нэгдүгээрт Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал барихаар тусгасан.
Байршил болон техникийн үзүүлэлтийн хувьд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл нь Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын үргэлжлэл бөгөөд нийт 979 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай 5 багц ажлаас бүрдэнэ.
Газрын байршлаас шалтгаалан 30 орчим метр өндөр гүүрэн байгууламжтай баригдах юм.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван зөвлөмж, Улсын Их Хурлын зургаа, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст шийдвэрлэгдэж байна.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам буй түүхэн үйл явдал юм.
Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.
Монгол Улсын нийт хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их хэмжээний нэмэлт орлого олно. Монгол Улс, БНХАУ хооронд цаашид Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэнэ.
Эдгээр төмөр зам холбогдсоноор экспортын орлого дахин 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10,000 ам.долларт хүрэх зорилт биелэнэ.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр
-Нийт экспортын хүчин чадал 40 сая тонноор буюу
-Гашуунсухайт-Ганцмод боомт 20 сая тонн,
-Ханги-Мандал боомт 10 сая тонн,
-Шивээхүрэн-Сэхээ боомт 10 сая тонноор нэмэгдэнэ.
-Экспортын орлого 2 дахин,
-Төмөр замаар нүүрс тээвэрлэх хүчин чадал 3 дахин,
-Зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал 2 дахин нэмэгдэнэ.
-Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь өргөн царигаар жилд 30 сая тонн, нарийн царигаар 10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай.
-2030 он хүртэл нүүрсний экспорт 120 сая тонноор нэмэгдэж, эдийн засгийн өсөлт жил бүр 0.8 нэгж хувиар нэмэгдэх боломжтой. Ингэснээр ядуурлын түвшин буурч, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүрэх, эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах, инфляцыг 5 хувьд барих зэрэг эдийн засгийн болон стратегийн чухал ач холбогдол, үр нөлөөтэй.
-Хил дамнасан төмөр замыг бүтээн байгуулснаар Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэх бөгөөд хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой.
-Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын хэлэлцээр байгуулснаар төмөр замаар экспортлох ачааны хэмжээ жилд 30 сая тонн түүнээс дээш,
-Таван толгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 хүртэл сая тоннд хүргэх, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
-Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломжийг бүрдүүлэхийн ач холбогдолтой
-Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын худалдаа, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёл, хүмүүнлэгийн салбар, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа эрчимжих хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
-Төмөр замын хил холболтын ажил хийгдэж, ашиглалтад орох нь манай улсын нүүрсний экспортын тоо хэмжээ өсөн нэмэгдэхээс гадна тээврийн өртөг зардлыг бууруулах өндөр ач холбогдолтой юм. Хэрэглэгчдээ хүрэх гэж замдаа 2-3 буулгаж, ачиж байгаа одоогийн систем өндөр хорогдол, зардалтай. Харин энэ зардлаа бууруулснаар бид зах зээл дээрх өрсөлдөх чадвараа улам бүр баталгаажуулна.
-Төмөр замаа холбосноор коксжсон нүүрсээс илүү эрчим хүчний нүүрсний үнэд нөлөөлөх боломжтой. Төмөр зам 5.8 жилийн хугацаанд өртгөө нөхнө.
-Энэ гэрээ 21 жилийн өмнө хийгдсэн бол Тавантолгойг тойрсон маргаан, царигийн мэтгэлцээн өрнөхгүйгээр Монгол Улс өнөөгийн үнэ цэнээр багадаа 31.5 тэрбум ам.долларын орлого олох боломжтой байсан.
-Төмөр замын маргаанаас үүдэн Хятадын тал 14 тэрбум юанийн асуудал ярьж байгаа. Үүний 7.2 тэрбум юань нь цаад талаасаа Ганцмод боомт хүртэл барьсан 300 гаруй км төмөр зам, 10 жил ашиглалтгүй байснаас 2.7 тэрбум юань, терминал барихад 4 тэрбум юань гээд нийтдээ 2.3 орчим тэрбум ам.долларын алдагдал, зардал хүлээсэн гэх асуудал яригдаж байгаа.