Э.Ирэхбаяр
Редактор
Эдийн засаг
2025.05.14 18:54
1082
2023-2024 онд ашиглагдаагүй зээлийн шимтгэлд 51.5 тэрбум төгрөг төлжээ

УИХ жил бүр хаврын чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, түүний дараагийн хоёр жилийн төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл мөн Стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг хэлэлцдэг. Уламжлалын дагуу эдгээр асуудлыг өнөөдөр /2025.05.14/ Төсвийн байнгын хороогоор хэлэлцлээ.

Улсын Их Хурлын 26 дугаар тогтоолоор 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийг баталсан юм. Энэхүү стратегийн баримт бичгийн хүрээнд дунд хугацаанд өрийн удирдлагын чиглэлээр баримтлах үндсэн 6 зорилт, 23 хэрэгжүүлэх арга хэмжээ болон Засгийн газрын өрийн багцын дөрвөн зорилтот түвшнийг тодорхойлсон байдаг.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэхүү стратегийн баримт бичигт тусгасан зорилтуудын хүрээнд хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээнүүдээс товч танилцуулав. Тухайлбал, “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн нэмэлт санхүүжилт”, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”, “Хилийн үр бүтээмжийг сайжруулж тогтвортой худалдааг дэмжих төсөл” зэрэг төслийн санхүүжилтийг хөнгөлөлттэй нөхцөлтэй гадаад зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэжээ.

2024 оны жилийн эцсийн байдлаар ДНБ-д эзлэх өрийн үлдэгдэл 41.8 хувь байсан бол 2025 оны 1 дүгээр улиралд 37.2 хувьтай байгаа бөгөөд 2025 оны эцэст 41 хувьд барих зорилт тавьсан байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн тааз ДНБ-ий 60 хувьд байна гэж заасан. Батлагдсан байгаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд 2025 онд 55, 2026 онд 50 хувь байх, 2027 оноос хойш 45 хувьд барих энэ зорилт тавьжээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3 дугаар зүйлд зааснаар, Засгийн газрын өрийн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2015 оны төсвийн жилд 58.3 хувиас, 2016 оны төсвийн жилд 88 хувиас, 2017 оны төсвийн жилд 85 хувиас, 2018 оны төсвийн жилд 80 хувиас, 2019 оны төсвийн жилд 75 хувиас, 2020 оны төсвийн жилд 70 хувиас, 2021 болон 2022 оны төсвийн жилд 70 хувиас, 2023 оны төсвийн жилд 65 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна гэж заасан байдаг. Энэ үзүүлэлт 2024 оноос эхлэн 60 хувь болон буурч байгаа юм. Эндээс харахад, Засгийн газрын өрийн таазыг 2016 онд огцом өсгөсөн ч түүнээс хойш жилээс жилд бууруулах бодлого барьж байгаа нь сайшаалтай. Тэгвэл дэлхийн бусад орнуудын Засгийн газрын гадаад өрийн ДНБ-д эзлэх хэмжээ сонирхлоо.

 GlobalEconomy.com сайтад мэдээлснээр, 2023 оны байдлаар Судан 280.3, Ливан 255.6, Япон 254.6, Эритрей 201.5, Сингапур 162.5 хувиар хамгийн өндөр өрийн түвшинтэй улсад тооцогдож байгаа бол Бруней 2.3, Хонконг 6.5, Орос 19.7, Тайвань 25.0, Камбож 25.9 хувиар хамгийн бага өрийн түвшинтэй улсаар тодорчээ.

Монгол Улсын Засгийн газрын өрийн хэмжээ 60% байгаа нь дэлхийн дундажтай дүйцэж байгаа ч өндөр өрийн түвшинтэй орнуудын доод хэсэгт багтаж байна. Тиймээс цаашид төсвийн сахилга батыг илүү сайжруулах шаардлагатай гэсэн үг.

Тиймээс УИХ-ын гишүүн Б.Найдалаа “Улсын төсвийг алдагдалгүй батлуулчихсан гээд байгаа. Алдагдалгүй гэдэг нь гоё сонсогдож байгаа ч яг бодлого талаасаа бол  буруу. Улсын төсвийг ашигтай баталж байж, төсөл хөтөлбөрүүд дамжиж хэрэгждэг. Алдагдалгүй гээд хэрэггүй зүйлд мөнгө үрээд байх юм бол хэрэгтэй ажлуудаа санхүүжүүлж чадахгүйд хүрнэ. Энэ янзаараа байх юм бол хөрөнгө оруулалт болон урсгал зардал аль алин дээр төсвийн гадуур төсөв дахиад бий болно шүү.” хэмээн анхааруулсан юм.

Бас нэг анхаарал татаж буй асуудал бол Засгийн газар зарим тохиолдолд төсөл, хөтөлбөрийнхөө бэлтгэлийг хангаагүй байж, гаднаас зээл авдаг. Үүний улмаас авсан зээлээ ашиглаж амжаагүй байхдаа хүү төлдөг алдаагаа давтсаар л байгаа юм. Тухайлбал, 2023 онд 12.1 тэрбум, 2024 онд 39.4 тэрбум төгрөгийг гадаад зээлийн гэрээ хэлэлцээрийн хүрээнд авсан ашиглаагүй зээлийн шимтгэлд төлснийг Үндэснй аудитын газраас гаргасан Зөвлөмжид дурдсан байна. ҮАГ-аас “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт”-д аудит хийсэн бөгөөд 14 чиглэлээр дүгнэлт гаргаж, найман зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.