Монголын иргэд Солонгос улсын хилийг нэвтэрч чадахгүй, олноороо буцаж байгаа талаар иргэд хэвлэлийн хурал хийж, холбогдох газруудад шаардлага хүргүүлсэн. Тэгвэл энэ асуудал дээр УИХ дахь Монгол-БНСУ-ын найрамдлын бүлгийн дарга Ж.Чинбүрэн ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
Тэрээр хэлэхдээ “Улаанбатар дахь Солонгос улсын ЭСЯ-наас мэдээлэл авах гэж байна. Тус улсын ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч болон найрамдлын бүлгийн зүгээс Монгол Улсын иргэд виз хүсэхэд хариу нь удаж гардаг, мөн виз гарсан иргэд хилээр нэвтрэхэд хүндрэлтэй байдаг асуудлыг хөндөж тавьсан. Одоо болох гэж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ асуудлыг авч хэлэлцэнэ гэж амласан. Тиймээс нэлээд дэвшил гарах болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Асуудлаа тавьсаар ч байх болно.
Монгол дахь ЭСЯ-нд өгсөн бичигтээ тус улсын гааль дээр хоёр хоносон Монгол Улсын иргэн буюу бага насны хүүхдийг хоёр хоног хоолгүй байлгасан уу гэдэг дээр мөн тодорхой хариулт хүссэн. Түүнчлэн иргэдийн гар утас зэрэг хувийн өмчид халдсан эсэхийг ч тодруулан хариу өгөхийг хүссэн. Хэрэв үнэхээр халдсан бол хүний эрх зөрчсөн асуудал үүснэ. Арай ч үгүй байх гэж найдаж байгаа. Ямар ч байсан хяналтын камерын бичлэгийг хуулбарлаж өгөхийг хүссэн. Яг хичнээн иргэн хил дээрээс өуцаж байгаа талаар мэдээлэл алга” гэв.