Курдистаны Ажилчны нам Туркийн эрх баригчидын эсрэг 41 жил зэвсэгт тэмцэл явуулсны эцэст тавдугаар сарын 12-нд өөрсдийгөө тарааж буйгаа мэдэгдсэн билээ. Туркийн Засгийн газар, сөрөг хүчнийхэн энэ шийдвэрийг, цус асгаруулах явдал ингээд зогсож буйг алга ташин хүлээн авсан юм. Сүүлийн арван жилд гэхэд л мөргөлдөөн, террорист үйлдлийн улмаас Туркт арван мянган энгийн иргэн, КАН-ын дайчид амь насаа алджээ. КАН-ын удирдлагын дээрх шийдвэр Туртк шуугиан дэгдээсний зэрэгцээ олон асуулт урган гарч байна.
Улстөрч, тоймчдийн үзэж буйгаар, КАН өөрийгөө тарааснаар Турк дахь улс төрийн хүчний тэнцвэрийг үндсээр нь өөрчилж магадгүй. Туркийн улс төр хэрхэн өөрчлөгдөх вэ?
Олон нийтийн санаа бодлыг тандах IstanPol хүрээлэнгийн тэргүүн Серен Коркмазын үзэж буйгаар, КАН зэвсэгт тэмцлээс татгалзах мэдэгдэл хийсэн нь Туркийн улс төрд огцом эргэлт авчрах аж. “Жилийн өмнө ярьж байсан улс төрийн хуваарилалт өнөөдөр огт өөр боллоо. Намууд өөрсдийн хөтөлбөр, үг, бодлогоо шинээр эргэн харах хэрэгтэй болсон” хэмээн Коркмаз хэлж байна. Тухайлбал, үндэстний цөөнх курдуудын ашиг сонирхлыг хамгаалдаг Ард түмний ардчилсан намын үйл ажиллагааны талбар өргөжих нь тодорхой болж байна. Ойрын гурван жилд Курдистаны Ажилчны намын энхийн үйл явц болон Стамбул хотын дарга Экрем Имамоглуг тойрсон нөхцөл байдал гэсэн хоёр хүчин зүйл Туркийн улс төрд ихээхэн нөлөө үзүүлнэ хэмээн үзжээ.
Имамоглу 2025 оны гуравдугаар сараас хойш баривлагдан хоригдоод байгаа. Туркийн эрх баригчид КАН-ыг гол дайсан гэж нэрлэж байсан бол тэр байхгүй болж, одоо Имамоглу харьяалагддаг Бүгд найрамдах ардын нам гэсэн “өнө эртний” шинэ дайсантай болж байна. Стамбул хотын даргаас гадна өнөөдөр Селахатин Демирташ зэрэг курдын олон нэртэй улстөрчид хоригдож байна. Одоо тэд суллагдана хэмээн курдууд найдаж байгаа ч тэдний хувь заяа бүрхэг хэвээр. “Одоо Үндсэн хуулийн хүрээнд курдын асуудлыг хэлэлцэхийн тулд завсарлага маягийн зүйл, эсвэл ардчилах үйл явц хэрэгтэй. Турк улсыг удирдах илүү ардчилсан бүтцийг бий болгохын тулд Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй болж байна. Гэвч эрх баригчид Ерөнхийлөгчид ихээхэн эрх мэдэл олгодог одоогийн загварыг өөрчлөхөд бэлэн биш байна” хэмээн улстөрч Месут Еген үзжээ.
КАН хэнд, хэзээ, яаж зэвсгээ хураалгах вэ?
КАН өөрийн мэдэлд байгаа зэр зэвсгийг хэзээ, яаж хураалгах нь тодорхой бус. Олон улсын ажиглалтын дор зэвсгээ бүрэн хураалгах уу, эсвэл зүгээр л билэгдлийн зүйл болоод өнгөрөх үү? Зарим хэвлэл мэдээлж буйгаар, энэ асуудлаар энэ зун шийдвэр гарч магадгүй гэнэ. Засгийн газар зохих хуваарь гаргахаар ажиллаж байгаа аж. КАН дотор өөрсдийгөө тараах шийдвэрийг эсэргүүэх үйлдэл ажиглагдсан. Намын зарим тэргүүлэх гишүүн үнэхээр ингэх шаардлагатай эсэхэд эхлээд эргэлзэж байв. Мөн Курдистаны нийтийн холбоо хэмээх хууль эрх зүйн шинэ холбоо байгуулах талаар ч яригдаж байсан. Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан “КАН зүгээр зэвсэгт тэмцлээс татгалзах нь хангалттай бус. Хүчирхийлэлд шилжиж болох бүх хууль бус бүтцийг устгах ёстой” хэмээн мэдэгджээ.
КАН-ын дайчид яах вэ?
Ууланд нуугддаг дайчид болон хотод амьдардаг идэвхтнүүд гээд КАН-ын гишүүдийн ирээдүй бүрхэг байна. КАН-ын зэвсэгт босогчид, иргэний идэвхтнүүдийн тоо 60 мянгыг давдаг. КАН-ын гишүүдийг нийтээр нь өршөөн хэлтрүүлэх эсэх асуудал том маргаан дэгдээсээр. Ерөнхийлөгч Эрдоган тэднийг толгой дараалан өршөөж, Туркийн нийгэмд нэгтгэх хувилбар үнэмшил муутай. Энэ тохиолдолд Туркийн нийгэмд сөрөг сэтгэгдэл, хариу гарах магадлал их. КАН-ын удирдлага Туркт буцаж ирэх нь асуудал хаалттай хэвээр байна. Зарим нь гуравдагч орон руу гарч магадгүй, эсвэл Иракийн хойд нутагт заагдана. Энэ талаар гарсан тодорхой шийдвэр одоохондоо алга. Ирак, Сири, Иранд амьдарч байгаа КАН-ын гурван зуу орчим лидер тэндээ үлдээсэй хэмээн Анкара хүсэж байна. КАН тарсны дараа Туркийн эрх баригчид Сири, Ирак дахь дахь нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Сирийн хойд нутаг курдуудын Өөрсдийгөө хамгаалах ардын отряд гол цөм нь болсон Сирийн ардчилсан хүчний хяналтад үлдсэн юм. Туркийн Засгийн газар Өөрсдийгөө хамгаалах ардын отрядыг КАН-ын салбар хэмээн үздэг. Хоцрогдож, хуучирсан КАН-аас илүүтэй гадаадаас ирэх аюул заналхийлэлд илүү анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзэх улстөрчид цөөнгүй байна.