Алтны үнэ өсөж буй өнөөгийн нөхцөлд олборлолтоо нэмэгдүүлэх юм бол тасалдаж байгаа төсвийн орлогыг нөхөх боломж бий гэдэг байр суурийг ЗГ болон УИХ-ын гишүүд олноороо илэрхийлэх боллоо. Тэгвэл нүүрс, алт хэмээх энэ хоёр эрдэс баялаг Монгол Улсын экспортод хэр жин дардгийг харъя.
2023 оны байдлаар нийт 48.9 сая тонн нүүрс экспортолж, 6.5 тэрбум ам.доллар олсон нь нийт экспортын орлогын 58 хувийг дангаараа бүрдүүлсэн. Харин алтны тухайд мөн онд есөн тонныг экспортолж, 560.8 сая ам.доллар олсон нь нийт экспортын орлогын 5.5 хувь болж байна. Тэгэхээр нүүрсний экспортын алдагдлыг алтаар нөхье гэх юм бол биет экспортыг эрс өсгөх, үүний тулд олборлолтыг мөн нэмэгдүүлэх шаардлага үүсэж байгаа юм. Гэхдээ төсвийн алдагдлаас илүүтэй валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа болов уу.
Энэхүү нийтлэлээр алтны үнэ хэзээ хүртэл, хэдий хэмжээгээр өсөх төлөвтэй байна, олборлолтыг нэмэгдүүллээ гэхэд гарах эерэг болон сөрөг үр дагавар нь юу байх вэ? Өмнө нь хэрэгжүүлж байсан “Алт” хөтөлбөрийн алдаа, сургамж нь юу байсан юм, одоо юун дээр анхаарах ёстой вэ гэх мэт асуултуудад хариулт өгөхийг хичээлээ.
Дэлхийн эдийн засаг хүндхэн сорилттой тулгарч байгаа үед алт нь эдийн засгийн “аюулгүйн дэр” болж чадна
Өмнөх оны эцэстэй харьцуулахад, нүүрсний үнэ 44 орчим хувиар унаж, алтны үнэ 21 орчим хувиар өсөөд байгаа энэ цаг үед “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв шийдэл байж болох ч юуны өмнө алт хэмээх баялгийн зах зээлийн ирээдүйн төлөвийг ойлгож, зөв тодорхойлох шаардлагатай. Тэгж байж төсвийн орлогыг нэмэгдүүлэх бодлогоо зөв гаргаж чадна.
https://goldprice.org/ сайтад мэдээлснээр алтны үнэ дэлхийн зах зээл дээр сүүлийн зургаан сарын дотор 22 хувиар, нэг жилийн дотор 34 хувиар өссөн бөгөөд таван жилийн өмнөхтэй харцуулахад даруй 84 хувиар өсжээ.
Тэгвэл алтны үнэ өсөх болсон суурь шалтгаан нь юу юм бэ, энэ өсөлт хэр хугацаанд хэд хүртэл үргэлжлэх вэ, эсвэл үүлэн чөлөөний нар шиг түрхэн зуурын үзэгдэл үү гэдэг асуултад эхлээд хариулъя.
https://www.axi.com/int/blog/education/commodities/gold-price-forecasts сайтад мэдээлснээр, алтны үнэ тогтмол өсөж байгаа нь дараах хүчин зүйлстэй холбоотой байна. Юуны өмнө АНУ-ын худалдааны тарифаас үүдэлтэй дэлхийн геополитикын чиг хандлага тодорхойгүй байдалтай болоод буй. Мөн ОХУ-ын эсрэг авч байгаа хориг арга хэмжээ зэрэг нь хөрөнгө оруулагчдыг алт руу чиглүүлж байгаа аж.
Хоёрдугаарт, дэлхийн олон орны Төв банкууд, тэр дундаа хөгжиж байгаа орнууд алтны нөөцөө нэмэгдүүлэх бодлого баримталж, тогтмол худалдан авсаар байгаа.
Гуравдугаарт, 2024 оны сүүлээс инфляцийн хүлээлт нэмэгдсэн нь мөн алтны үнэ өсөхөд нөлөөлсөн гэжээ.
Ер нь дэлхийн эдийн засаг хүндрэл, хямралтай тулгарах бүрд алтны үнэ өсдөг бичигдээгүй хуультай. Учир нь алт бол мөнгө шиг дахин дахин хэвлээд байх боломжгүй, хязгаарлагдмал нөөцтэй тул аливаа валютаас илүү найдвартай, санхүүгийн “ногоон гэрэл” гэж үздэг. Өөрөөр бас "аюулгүйн дэр" ч гэж нэрлэдэг.
Энэ мэт хүчин зүйлсийн нөлөөгөөр алтны үнэ ойрын жилүүдэд өсөх төлөвтэй гэж ажиглагчид үзэж байгаа. Тухайлбал, 2025 онд 3,200–4,000 ам.долларт хүрч, өсөн нэмэгдсээр 2030 он гэхэд 5,000–7,000 ам.долларт хүрэх боломжтой гэсэн таамгийг зарим эдийн засагч дэвшүүлж байгаа юм.
Гэхдээ алтны, ер аливаа эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр байнга хэлбэлзэж байдаг тул энэхүү өсөлтийг урт хугацаагаар үргэлжилнэ гэсэн хэт өндөр хүлээлт тавих нь эрсдэлтэй байж болзошгүй. Тухайлбал, 1980 онд 2500 ам.доллар байсан алт 2000-аад онд 500 ам.доллар хүртлээ унасныг та доорх графикаас харж байна. 10 жилийн дараа тав дахин өсөж, 30 жилийн өмнөх ханшиндаа хүрсэн байгаа юм. Харин Коронавирус дэгддэг жилүүдэд 1500 ам.доллар болтлоо буурч, 2021 оноос эргээд өсөж эхэлсэн байна.
Тэгэхээр хэдийгээр ойрын ирээдүйд үнэ нь өсөлттэй байх дүр зурагтай харагдаж байгаа ч эргээд унахгүй гэсэн баталгаа байхгүй тул энэ хооронд алтныхаа нөөцийг зохистой хэмжээгээр ашиглаж, үнийн өсөлтийг харгалзан олборлолтын хэмжээг тохируулгатайгаар нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үг.
Анхны “Алт” хөтөлбөрөөс авсан сургамжийг давуу тал болгох нь
1990-ээд оны эхэн үе буюу П.Очирбат ерөнхийлөгчийн үед хэрэгжүүлсэн “Алт” хөтөлбөрийг өнөөдөр буруутгах улс олон байдаг ч энэ хөтөлбөрийн түүхэн үүргийг үгүйсгэх аргагүй юм. Нийгэм солигдон, төвлөрсөн төлөвлөгөөт зах зээлээс чөлөөт зах зээлд шилжиж байсан тэр он жилүүдэд дээр дооргүй учраа олохгүй бужигналдаж, үйлдвэрүүд хаалгаа барьж, дэлгүүрүүдийн лангуу хоосорч, эдийн засаг элгээрээ хэвтэхэд хүрсэн.
Тэгвэл “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ЗХУ-ын рубль болон хэдхэн социалист орны валютын хязгаарлагдмал нөөцтэй байсан Төв банк анх удаа ам.доллар хэмээх валютын нөөцтэй болсон. Нэгэнт чөлөөт зах зээлийг сонгож, гуравдагч орнуудтай худалдаа арилжаа ихээр хийх болсон тул хүссэн ч, эс хүссэн ч ам.доллар болон бусад валютын нөөц зайлшгүй хэрэгцээтэй болсон л доо, тухайн үед. Энэ эрэлтийг чухам “Алт” хөтөлбөрөөр хангаж байсан гэхэд буруудахгүй.
Түүнчлэн алт олборлох үйл ажиллагаанд зөвхөн төр бус, хувийн компаниуд оролцох эрх зүйн орчин бий болж, улмаар орчин үеийн уул уурхайн салбар хөгжих үндэс суурь тавигдсан юм.
Харин одоо “Алт” хөтөлбөрийн алдаатай тал буюу бидний авсан сургамж юу байв гэдгийг цэгнэе. Газрын хөрсийг талхиж, ой моддыг устгаж, усны эх булгуудыг ширгээх зэргээр байгаль орчныг ихээр сүйтгэсэн. Нөхөн сэргээлт бараг хийгдээгүй. Лиценз олголт, татварын механизм зэрэг эрх зүйн зохицуулалт сул, хяналтгүй байсан тул олон мянган иргэн хувиараа, хууль бусаар алт олборлох болсон.
Тэгэхээр энэ цаг үед “Алт” хөтөлбөрийг дахин хэрэгжүүллээ гэхэд ерээд оны алдааг л давтаж болохгүй! Нэг үеэ бодвол иргэдийн экологийн боловсрол дээшилсэн, уул уурхайн компаниудад хяналт болон шаардлага тавьж чаддаг болсон зэрэг нь 90-ээд оноос үлдсэн айдсыг таягдан хаяхад түлхэц болох биз ээ.