УИХ-ын энэ өдөр /2025.05.16/-ийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл –ийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, С.Эрдэнэболд нар алтны олборлолт, экспортыг нэмэгдүүлэх нь төсвийн орлогод ямар нөлөөлөл үзүүлэхийг асуулаа. Сангийн сайд Б.Жавхлан хариулахдаа:
“Алт-3” хөтөлбөр төсөвт төдийлөн нэмэргүй ч валютын нөөцийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Монгол Улс өмнө нь хамгийн ихдээ 22 тн алт авч байсан. Одоо 15 тонноос хэтрэхгүй байгаа. 22 тн алт бол одооны ханшаар 2.5 тэрбум ам.доллар гэсэн үг. Энэ нь өнөөдөр байгаа валютын нөөцийн 50 хувь. Тэгэхээр бид валютын нөөцийг энэ хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой. 2.5 тэрбум ам.доллараас төсөвт орж ирэх орлого гэвэл АМНАТ. Энэ нь ДНБ-ий дөнгөж 0.3 хувийг бүрдүүлдэг. 350 тэрбум орчим төгрөг төсөвт орж ирнэ. Төсвийн алдагдлыг нөхөх хэмжээний орлого биш гэв.