Э.Ирэхбаяр
Редактор
УИХ-ын гишүүн
2025.05.16 12:11
626
О.БАТНАЙРАМДАЛ: Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирсан тул “Оюутолгой”-н зээлийн өндөр хүүг бууруулах боломжтой

УИХ-ын энэ өдөр /2025.05.16/-ийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл –ийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхээр авсан зээлийн хүү өндөр байгаа тул бууруулах шаардлагатай, гэрээ ёсоор зээлийн хүүг авч хэлэлцэх цаг хугацаа нь энэ онд тохиож байгаа гэдгийг анхаарууллаа. Тэрээр хэлэхдээ:

“Оюутолгой” төсөл нь Монгол Улсын нийт зээлээс их буюу 20 тэрбум орчим ам.долларын зээлтэй байгаа. Хамаарал бүхий “Рио Тинто” компаниас авсан зээлийн хүү нь 11.1 хувь. Хамгийн сүүлд Улаанбаатар хотын гаргасан бондын хүү 7.75 хувь. Энэ хоёр хүүгийн зөрүү 3.35 хувь. Энэ бол макро эдийн засагт нэлээд нөлөөлөл үзүүлэх өндөр дүн. “Оюутолгой” төслийн гэрээнд зээлийн хүүг долоон жил тутамд дахин авч үзэх ёстой байдаг. Энэ хугацаа нь 2025 онд тохиож байгаа тул боломжийг алдаж болохгүй гэв.

Энэ талаар Монгол Улсын тэргүүн шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр “Оюутолгой нь эхлэхдээ  хамгийн өндөр эрсдэлтэй төслийн нэг байсан. Улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй байсан. Тэр үед олдож байсан мөнгө үнэтэй. Одоо бол баталгаатай төсөл болсон. Технологио шийдсэн, нэг км гүнээс олборлолт хийж чадаж байна. Татварын маргаанаа л шийдчихвэл асуудалгүй. Тиймээс зээлийн хүүг бууруулах, эх үүсвэрийг нь солих бололцоотой. Гэхдээ энэ нь “Рио Тинто”-гийн эрх мэдлийн асуудал. Засгийн газар буюу манай 34 хувийг төлөөлж байгаа хүмүүст бид зардлыг бууруулах чиглэл өгнө. Зардлыг бууруулахад хүүгийн зардал чухал нөлөөтэй. “Улаанбаатар” бондын хүү  байнга 7.75 хувь гэдэг нь үүлэн чөлөөний нар шиг боломжоор олдсон. Байнга ийм байна гэсэн баталгаагүй.” гэсэн хариулт өгөв.

Харин О.Батнайрамдал гишүүн “2009 онд гэрээ байгуулж байх үе нөхцөл байдал өөр байсан гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ өнөөдөр зээлжих зэрэглэл сайжирсан тул зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой. Тиймээс 2025 онд зээлийн гэрээний хүүг авч хэлэлцэх боломжоо ашиглаж, зээлийн хүүг заавал бууруулаарай” хэмээн өөрийн байр сууриа хамгааллаа.