
Гурил, улаанбуудайн гаалийн албан татварыг чөлөөлснийг хүчингүй болгох хуулийн төсөл УИХ-д унасан. Тус асуудлын талаар Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бейсен байр сууриа илэрхийллээ.

Б.Бейсен: Хүчингүй болгохыг дэмжсэн санал өгсөн. Яагаад гэвэл, дэлхий дахин дайны байдалд байна. Бид дотоодоо гурилаар хангах ёстой.
Нийт 10 гаруй гурилын үйлдвэрээс 7-8 нь ажиллаж байна. Газрын тариалалт өнгөрсөн жил 50 гаруй хувиар буурсан гэж хөдөө аж ахуйн яамнаас ярьж байна. Тийм учраас тариалалтын асуудлыг заавал хийх ёстой. Атарын IV-р аян явагдаж байна. Нийтдээ 1.2 сая га-д тариалдаг. Үүнээс 800-900 га-д тариалж байна. Үлдсэнд нь нөхөн тариална.
Улаанбуудайг тариаланчид урд зүг руу экспортлох боломж бий. Өнгөрсөн жил зудын байдалтай холбоотой баруун бүсэд 1 шуудай гурил 120-130 мянган төгрөг болсон. Хорголжин хивэг 85 мянган төгрөг байсан. Малчид үнийг нь дийлэх аргагүй болсон. Ингээд хэлэлцээд гаалийн албын татварыг чөлөөлж байсан. Харин энэ жил гаалийн татвараа сэргээж, баруун аймагт квот тогтоож өгөх хэрэгтэй, хууль болгож баталсан нь буруу.
Ер нь бол дотоодын тариаланчдаа дэмжихгүй бол бас л хүнд. Тиймээс хүчингүй болгох хуулиа дахин өргөн барих боломжтой. Төвийн бүсээ цуцлаад, баруун зүүн бүс дээр татвартай байхаар ч юм уу сайн хэлэлцэх хэрэгтэй. Эсвэл гаалийн албан татварыг сэргээсний дараа гурилын үнэ дотоодод өсвөл буцаагаад тэглэх ч асуудал ярьж болно.
Ямартай ч тариаланчид маань тариалалтаа зогсоож болохгүй. Ямар нэг зүйл боллоо гэхэд гадаадаас гурилаа гуйх юм уу гэдэг хүнд байдал руу орчихлоо. Дотоодын үйлдвэрүүдээ дэмжихгүй бол гадаадын харьяат болчихно шүү дээ. Үндэсний аюулгүй байдлаа бодох ёстой.
Шууд дамжуулалт:
