m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.05.19 10:06
484
Газын зурвас дахь хүмүүнлэгийн тусламжийг сэргээнэ

Израилийн Засгийн газар тавдугаар сарын 19-нөөс эхлэн Газын зурваст хүмүүнлэгийн тусламж оруулахыг зөвшөөрнө хэмээн мэдэгдлээ. “Хүнсний гол бүтээгдэхүүнийг Израилийн армийн хяналтан дор Газын зурвас руу оруулна. Газын зурвас тэр чигээрээ өлсгөлөнд нэрвэгдэхээс сэргийлж ийм шийдвэр гаргалаа” хэмээн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн мэдэгдэлд онцолжээ. Израиль улс гуравдугаар сарын эхээр тус бүс нутагт хүмүүнлэгийн тусламж оруулах замыг хаасан. Тель-Авивын эрх баригчидын үзэж буйгаар, энэ газар нутгийг хянадаг Хамас бүлгийнхэн хүмүүнлэгийн тусламжийг цааш нь дамлан зарж, зэр зэвсэг худалдаж авахдаа зарцуулдаг аж.

Хүмүүнлэгийн тусламжийг урьдын суваг, горимоор нийлүүлнэ, одоогоор ямар нэг шинэ механизм боловсруулаагүй хэмээн мэдээлж байна. Гэхдээ тусламжийн бүтээгдэхүүн Хамасын дайчдын гарт орохгүйн тулд Израиль улс арга хэмжээ авна хэмээн амлажээ. Газын зурвас дахь хүмүүнлэгийн тусламжийг Дэлхийн хүнсний хөтөлбөр болон World Central Kitchen байгууллага хариуцан түгээнэ хэмээн ВВС мэдээлэв. Израилийн армийн довтолгоо, бөмбөгдөлт, мөн хоёр сар гарны бүслэн хаалтын улмаас Газын зурвасы 2.4 сая хүн тэр чигээрээ өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэсэн тул хүмүүнлэгийн тусламжийг сэргээх дуу хоолой улам хүчтэй сонсогдох болсон юм. Тавдугаар сарын 18-нд Израилийн арми Газын зурвасын өмнөд болон хойд хэсэгт хуурай замын өргөн хэмжээний цэргийн ажиллагааг эхлүүлжээ. Газын зурвасын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэнээр, сүүлийн долоо хоногт Израилийн довтолгооны улмаас 464 палестин иргэн амь насаа алдаад байна. Газын зурваст явуулж буй бүрэн хэмжээний цэргийн ажиллагаа нь барьцааны хүмүүсийг чөлөөлж, Хамас бүлгийг газрын хөрснөөс арчих зорилготой гэдгийг Израилийн тал дахин санууллаа.