Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.05.19 13:55
319
ЭМДС-аас хэн хамгийн их ашиг хүртдэг вэ?

Иргэн бүр цалингаасаа ЭМДС-нд дөрвөн хувийн шимтгэл төлдөг. НД, ЭМД төлж буй 800 мянган хүний дөрвөн хувь хуримтлагдсаар жилдээ 1.1 их наяд төгрөг болдог байна. Харин хүүхэд, жирэмсэн, өндөр настан гэхчлэн бүлгийн шимтгэлийг төр хариуцан төлдөг гэж үзвэл энэ санд жилдээ 2.29 их наяд төгрөг хуримтлагддаг байх нь.

Тодруулбал, 0-18 насны хүүхдийн төрөөс даадаг. Мөн хүүхдээ 2 нас хүртэл харж байгаа ээжүүд, хугацаат цэргийн албан хаагчид, ял эдэлж байгаа хүмүүсийн тусламж үйлчилгээний орлогыг улсын төсвөөс бүрдүүлж өгдөг.

Ковидын үеэр ЭМДС-аас 2021 онд 543 тэрбум, 2022 онд 126 тэрбум нийт 700 орчим тэрбум төгрөгийн зарцуулалт хийсэн. Үүний үлдэгдэл 316 тэрбум төгрөгийн өр ЭМДС-д төвлөрсөн байсныг ЭМ-ийн салбарт хуваарилсан төсвөөс төлж дуусгажээ.

Ингэснээр энэ оны төсвийг нэг их наяд 977 тэрбум төгрөгт багтаан хуваарилах шаардлагатай. Өрөө төлөөд үлдэж буй санхүүжилтийг дараах салбаруудад доорх байдлаар хуваарилжээ.

Үүнд:

- Анхан шатны эмнэлгүүдэд 533 тэрбум

-Эрт илрүүлэгт 40 тэрбум

-Лавлагаа шатны эмнэлэгт 1.2 их наяд

-Төрийн даах ёстой эмэнд 40.9 тэрбум

-Хөнгөлөлттэй эмийн зөрүүнд 130.5 тэрбум төгрөг зарцуулахаар хуваарилсан. Эрүүл мэндийн салбар хэмнэлт гаргахын тулд шаардлагагүй хэвтэлт багасгах зорилт, чиглэл тавьсан байна.

Өөрөөр хэлбэл, Лавлагаа шатны эмнэлгийг  ядаргаа тайлах  сувилал байдлаар ашиглахыг хумьснаар хэмнэлт гаргах юм. Харин яаралтайгаар ирж буй амь тэмцсэн нэг ч өвчтөнг буцаалгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх аж.

2020 онд 18 сая тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлсэн бол 2024 онд 26.3 сая тусламж үйлчилгээ үзүүлжээ. Үүнд ӨЭМТ-өөр үйлчлүүлэгсэд, хөнгөлөлттэй эм, эрт илрүүлэг, хоёр гуравдугаар шатны эмнэлгүүдээр үйлчлүүлэгсэд орж байна.

ЭМ-ийн салбарын санхүүжилтийн зохистой түвшин ДНБ-ийн зургаан хувь, ЗГ-ын зардлын 12 хувь байдаг бол энэ жилийн ЭМ-ийн салбарын санхүүжилт ДНБ-ий гурван хувь, ЗГ-ын зардлын 8.4 хувийг эзэлж байна.

Ийнхүү олон улсын түвшинтэй харьцуулахад бага санхүүжилтийг энэ салбарт хуваарилж байгаа ч анхан шатнаас эхлээд лавлагаа шат хүртэл иргэд, үйлчлүүлэгчдийн төлөө ажиллаж байна.

Харин одоо иргэд өөрсдөө эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай байж, өвдсөнийхөө дараа эмнэлгийн хаалга татах биш өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэхэд анхаарах шаардлагатай байна.