Э.Ирэхбаяр
Редактор
Эдийн засаг
2025.05.19 16:23
642
Алтны олборлолтыг нэмэгдүүлэх нь валютын нөөцийг өсгөх ач холбогдолтой гэж эдийн засагчид үзэж байна

2025 оны эхний улирлын байдлаар дэлхийн алтны нийт эрэлт 1,206 тонн болсон нь 2016 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт гэж World Gold Council мэдээлжээ.

Дээрх хугацаанд алтны эрэлтийг салбар тус бүрээр нь авч үзье. Алтны хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад, 552 тонн алтаар буюу 170 хувиар өссөн байна. Алтны үнэт цаасны тухайд өмнөх оны мөн үед -113 тн байсан бол 226.5 тн хүрч, огцом нэмэгджээ. Харин бэлэн алт буюу гулдмай нь 325 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс гурван хувиар өссөн үзүүлэлт юм. Хятад улсын иргэд, ялангуяа залуучууд юаниа алтан гулдмай болгох “мода” болон дэлгэрч байгаа нь үүнд нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна. Ийнхүү 2025 оны эхний улирлын байдлаар  нийт алтны эрэлтийн үнэ цэн 111 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 40 хувиар өсжээ.

2025 оны 4-р сард алтны үнэ унци нь 3,500 ам.долларт хүрч, түүхэн дээд хэмжээнд хүрсэн боловч тарифын өөрчлөлтийн улмаас 10 хувиар унаж, 3180 орчим ам.долларт хүрээд, тогтворжсон байдалтай байгаа. Гэсэн хэдий ч төв банкуудын худалдан авалт буурсангүй, он гарсаар 244 тонн алт шинээр худалдан авсан нь сүүлийн гурван жилийн дундажтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм.

Товчхондоо, Дональд Трампын тарифын бодлогоос үүдэлтэй эдийн засгийн тодорхойгүй байдал, америк долларын сулрал зэрэг хүчин зүйлсийн улмаас хөрөнгө оруулагчид алтыг сонирхож, хөрөнгө оруулах хандлага үргэлжилсээр байна.

Монгол Улсын Засгийн газар ч гэсэн алтны үнэ өсөж буй энэ цаг үед олборлолтыг нэмэгдүүлэх замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн орлогын тасалдлыг тодорхой хэмжээгээр нөхөх бодлого барьж буй. Энэ талаар эдийн засагчид ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

Эдийн засагч Д.Амгалан: Нүүрсний үнэ өсөх төлөвгүй байгаа тул өнөөдөртөө алтны олборлолтыг нэмэгдүүлэхээс өөр арга алга

2025 оны төсөвт нүүрсний экспортоос 11.6 их наядыг оруулна гэж тооцоолсон байсан. Гэвч үнэ нь унаснаар төсвийн орлого тасалдах нөхцөл байдал үүссэн. Цаашид ч сайжрах төлөв харагдахгүй байгаа. Тэгэхээр үүнийг нөхөхийн тулд алтны олборлолтыг нэмэгдүүлэх бодлого Засгийн газар барж байна.

Алтны олборлолтыг нэмэгдүүлэхэд экспортын орлого нэмэгдэнэ. Валютын орох урсгал нэмэгдсэнээр нөөц ч нэмэгдэнэ. Бүс нутагт ажлын байр нэмэгдэх гээд эерэг үр дагаварууд гарна. Үүний зэрэгцээ байгал орчны бохирдол, хүн, малын амьдрах орчны эрүүл, аюулгүй байдал алдагдах зэрэг сөрөг үр дагаварууд ч гарах эрсдэлтэй тул зөрчлүүд үүснэ. Тэгэхээр юуны өмнө орон нутаг буюу нутгийн иргэдтэй ойлголцох шаардлагатай. Тэгэхээр хяналт маш чухал.

Яваандаа бол уул уурхайгаас хэт хараат байдлаас гарах хэрэгтэй. “А” хувилбар нүүрс, “Б” хувилбар алт гэдэг байдлаас салах ёстой. Энэ нь урт хугацаандаа эдийн засгийн баталгаа болж чадахгүй. Нэмүү өртөг өгдөг зүйлд хөрөнгө оруулалт хийхгүй явсны харгай өнөөдөр гарч байгаа юм. Өнөөдөртөө алтны олборлолтыг нэмэгдүүлж, урт хугацаанд өгөөжөө өгөх төслүүдээ хөдөлгөхөөс өөр арга алга.

Эдийн засагч Х.Батсуурь: Гарч байгаа юмаа бүрэн тооцоолж сурчихаад, дараа нь олборлолтоо нэмэгдүүлэх хэрэгтэй

Алтны олборлолтыг нэмэгдүүлэх нь валютын нөөцийг нэмэгдүүлнэ. Төсөвт ч шууд болон шууд бусаар тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Гэхдээ манай улсад тийм их алтны нөөц байхгүй. Гэхдээ байгаа алтаа ариг гамтай хэрэглэх хэрэгтэй. Оюутолгой, Хармагтай зэрэг ордоос олборлосон алтыг баяжмал байдлаар гаргаж байна. Доторх алт болон ховор металлыг ерөнхийд нь тооцож байгаа. Тэгэхээр эхлээд олборлохдоо гарч байгаа юмаа бүрэн тооцоолж сурчихаад, дараа нь олборлолтоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Харин нүүрсийг бол орлуулах олон зүйл гарч ирж байгаа болохоор олборлолт болон борлуулалтыг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа.