Эмчилгээ хийлгэхээр хандивын аян хийж буй хүүхдүүдийн зургийг ашиглан 2500 гаруй иргэнээс мөнгө залилсан байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, шалгаж байна.
Тухайн этгээд нь 2024 оны 11-р сараас энэ оны 4-р сар хүртэл хугацаанд хүнд өвчтэй, яаралтай хагалгаанд орох шаардлагатай, эмчилгээний хандив хүссэн хүүхдийн ар гэрийнхний байршуулсан зарыг ашиглан урьдчилсан байдлаар 2500 орчим иргэнээс 5 мянгаас 500 мянга хүртэлх хэмжээний мөнгийг дансаар шилжүүлэн авчээ.
Тус хэргийг үйлдсэн этгээд нь фэйсбүүкт хуурамчаар шинэ хаяг нээж тухайн хаягуудаараа хандив тусламж гуйсан зар мэдээллээ нийтэд түгээдэг байсан байна. Ингэснээр богино хугацаанд иргэдээс их хэмжээний мөнгө цуглуулан авдаг байжээ.
Урьдчилсан байдлаар тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд залилж авсан мөнгөөрөө олон улсын бооцооны сайт, мөрийтэй тоглоомын сайтад мөрийтэй тоглоом тоглосон нөхцөл байдал тогтоогдсон байна.
Тиймээс цахим орчинд нийтэлсэн хандив хүссэн зар мэдээллийг нягталж, шалгасны дараа хандивын тусалцаа үзүүлэх хэрэгтэйг зөвлөж байна.