Э.Ирэхбаяр
Редактор
УИХ-ын гишүүн
2025.05.20 14:18
272
О.Цогтгэрэл: Мега төсөл гэдэг үгэнд хүртэл би жаахан эмзэг ханддаг

Хамтарсан Засгийн газар огцрох эсэх болон бусад цаг үеийн асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс байр суурийг нь тодрууллаа.

Хамтарсан Засгийн газрыг огцруулах асуудал хүчтэй яригдаж байна. ЗГ-ын бүрэлдэхүүнд байгаа АН-ын сайд нар засаг тогтвортой байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Танай бүлэг энэ асуудлыг албан ёсоор хэлэлцсэн үү?

Бүлэг дээр хараахан ярилцаагүй байна. Би сая онгоцны буудлаас ирсэн, мэдээлэл дутмаг байгаа болохоор бүлгийн өмнөөс шийдвэр гарган, ярьж болохгүй.

Тэгвэл та хувь гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

Миний хувьд хамтарсан Засгийн газрын тухай гарах, орох асуудал биш бүр анхнаасаа байгуулах явцад эсрэг байр суурьтай байсан. Хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар аль нэг нам, эвсэл олонх болсон бол Ерөнхий сайдаа томилж, Засгийн газраа байгуулах ёстой. Тэгэхээр одоо яригдаж байгаа шаардлагууд хуулийн хүрээнд, зүй ёсны хэрэг гэж бодож байна.

Хамтарсан засгаас гарсан тохиолдолд намын даргатайгаа хариуцлага тооцох асуудал яригдах уу?

ҮБХ-оор хэлэлцэх ёстой. Гэхдээ дарга, цэргийн асуудал ярихаас өмнө дүрмээ хэлэлцэх нь чухал. Улс төрийн намын тухай хуулиар дүрмээ шинэчлэх шаардлагатай байгаа.

ҮБХ-ны хурлыг хэзээ зарлах вэ?

Надад тэр талаар мэдээлэл алга.

Та хувьдаа Лу.Гантөмөр даргыг хэр сайн ажиллаж байна гэж үзэж байгаа вэ?

Ардчилсан нам 2024 оны сонгуульд үүнээс илүү  амжилттай оролцох боломжтой байсан гэж би үздэг.

АН-ын зарим гишүүд бүлэгтээ шаардлага хүргүүлсэн гэсэн. Та уншиж танилцсан уу?

Дөнгөс сая хоёр, гурван бичиг ирсэн байна. Шаардлагатай бол бүлгийн хурлаар хэлэлцэнэ.

Төрийн өмчит үйлдвэрүүд дээр бүтээмжийн менежер гээд баахан хүн томиллоо. Та үүнийг юу гэж үзэж байгаа юм бэ?

Хэн нэг хүн ажилд орсон бол тэр хүн Ардын намд очиж ажилд ороогүй. Монголын төрд зүтгэх гэж ажилд орсон байх гэж бодож байна.

Мега төслүүдийг хөдөлгөхийн тулд намууд хамтрах хэрэгтэй гэж яриад байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

Нэгдүгээрт, мега төсөл гэдэг үгэнд нь хүртэл би жаахан эмзэг ханддаг. Төрийн өмчит компани байгуулна гэдэг төр томорно гэсэн үг. Үүнийг дагаад авлигын асуудал гарч ирдэг. Мега төслийн цаана мега хулгай орох вий. Аль болох төрийн оролцоогүй, эсвэл бага оролцоотойгоор яаж явуулах вэ гэдэг бодлогыг барих хэрэгтэй гэж би боддог. Хоёрдугаарт мега төсөл нэрийн дор ардчилал, хүний эрхийг хумих явдал гардаг. Тиймээс энэ асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй.

Ерөнхий сайд хүүгийнхээ асуудалд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой юу?

Залуучууд маш энгийн шаардлага тавьж байна. Орлогоо нотол гэж байна. Орлого чинь хууль ёсны, татвар төлсөн байна уу гэдэг асуудлыг тавьж байгаа. Мөнгө мөртэй гэдэг. Тэгвэл тэрийгээ л харуулчих л даа.