БНХАУ-ын иргэд өнгөрсөн оны 12-р сарын 04-05-нд шилжих шөнө Хөшигийн хөндий орчимд нэгнээ буудаж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Харин тус хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, БНХАУ-ын хоёр иргэнийг 1 сая юань өгөхийг шаардан, эд хөрөнгө авахаар заналхийлсэн, зодож хүч хэрэглэсэн, гэмт хэргийг үйлдэх явцдаа нэг иргэнийг буудаж амь насыг нь хохироосон БНХАУ-ын иргэн Ш.Х, Л.Б, Монгол Улсын иргэн А.Д, А.Т нарт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.5, 2.11 /Хүний алах/, Эрүүгийн хуулийн 13.3 дугаар зүйлийн 2.2 /Хүн барьцаалах/, Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.