m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төр
2025.05.21 10:16
1329
ЭРХ МЭДЛИЙН ЗӨРЧИЛ БА ГАНХАЖ БУЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУВЬ ЗАЯА

 “Хоолойд хутга тулгасан” хоёр ном

Эрх мэдлийн төлөөх томчуудын “зодоон” илүү хурц хэлбэрт шилжиж, хамтарсан Засгийн газрын байр суурь ганхаж байна. Ер нь бол МАН, АН дамжсан улс төр, бизнесийн хамтралд энэ танхимыг нураах сэдэл байгуулагдахтай нь зэрэгцээд л бий болсон доо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглал нь энэ санаархлыг хэрэгжүүлэх таатай нөхцөл болж, үйл явцыг хурдасгасан л төдий.

УИХ-ын дарга асан З.Энхболд хоёр хоногийн өмнө /2025.05.19/ “Мэдээ.мн” сайтад өгсөн ярилцлагадаа “Ерөнхий сайд Л.Оюун-Эрэнэ болон Хууль зүйн сайд О.Алтангэрэл нарын гаргасан хоёр ном л MCS тэргүүтнийг яаралтай хөдөлгөөнд оруулсан хэрэг. Эхнийх нь Ухаа худагийн архивын баримтыг нэгтгэсэн ном. Нөгөөх нь Хууль бус хөрөнгийг хурааж авах тухай хуулийн төсөл. MCS-ээс санхүүжилт авсан улс төрчид хэрэв хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдвэл дэмжиж кноп дарахаас өөр аргагүйд хүрнэ. Тэгэхээр УИХ-аар оруулахгүйн тулд засгийг нь унагаах хэрэгтэй гэж ярилцсан. Ингээд О.Алтангэрэл сайд энэ номын тухай бүтэн сайн өдөр постолж, гурав дахь өдөр нь гишүүдийн гарт очиход дөрөв дэх өдрөөс нь энэ дайралт эхэлсэн байгаа юм. Хуурамч пэйжүүдээр мэдээлэл цацах нь итгэл үнэмшил муутай, явуургүй тул нөлөөлөгчдийг ашиглаж эхэлсэн. Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг шаардан лайвдах, рийл, пост хийх нөлөөлөгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь MCS тараах мөнгөө улам нэмэгдүүлж байсантай холбоотой.  350 сая ам.доллар алдах дээрээ тулсан улс 35 саяыг зарлагадан авч үлдэхийг бодолгүй яах вэ” хэмээн өнөөгийн үүсээд буй нөхцөл байдлыг маш ойлгомжтойгоор тайлбарласан.  

Үнэхээр л төсвийн хөрөнгөөр хайгуул нь хийгдсэн ордуудад эзэн суусан болон лицензийг нь цааш арилжаалж асар их ашиг олсон этгээдүүд Хууль бус хөрөнгийг хурааж авах хууль батлуулахгүйг эрмэлзэж байгаа. Тэдэнд хөрөнгөө авч үлдэх нь л чухал. Түүнчлэн Ухаа худагийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхгүйн тулд Л.Оюун-Эрдэнийг унагаачихвал нэг хэсэгтээ л айдгаа авдрандаа хийх биз. Тэгэхээр MCS тэргүүтэй улс төр, бизнесийн хамтралд Л.Оюун-Эрдэнэ болон О.Алтангэрэл нарын ядаргаатай нөхдийг замаасаа зайлуулах сонирхол асар их бий. Хэрэв Засгийн газрыг унагааж чадвал өргөн барьсан хуулийн төслүүд нь буцаан татагдах бөгөөд тэд чухам үүнийг л хүсэж буй.

Халз тулаан

Хоёр хоногийн өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан хаалттай горимд шилжиж, Ерөнхий сайд тайлбар хийсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг хүлээн авсан зэрэг нь эл асуудал өндрөө авсныг харуулж байгаа юм. Энэ уулзалтын дараа Л.Оюун-Эрдэнийг нэг бол огцор эсвэл засгаа дангаар нь байгуул гэсэн шахалт үзүүлсэн гэх “бор шувуу” нисэж эхэлсэн ч нөгөө талаас Л.Оюун-Эрдэнэ хамтарсан засгийг тараах саналыг өөрөө гаргасан гэх “мэссэж” бас тараасан. Гэвч бодит байдал дээр  Л.Оюун-Эрдэнэ засагт хамтарснаас хойш өөрийнх нь “гал хамгаалагч” болсон, эрх мэдлийг нь тэнцвэржүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа Лу.Гантөмөр, Т.Доржханд нарыг тийм ч амархан тавиад явуулахыг хүсэхгүй л болов уу.

Нэг зүйлийг сануулахад, 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдад ихээхэн эрх мэдэл төвлөрсөн. Ерөнхий сайд танхимын сайд нараа томилуулах, чөлөөлөх асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ч санал нэгдэхгүй бол шууд УИХ-д оруулж шийдвэрлүүлэх эрхтэй болсон. Мөн танхим дотроос ганц сайд солигдоход Засгийн газар бүхэлдээ огцордог хуучин тогтолцоог халаад, зөвхөн Ерөнхий сайд өөрөө өөрчлөгдсөн тохиолдолд Засгийн газар огцордог болсноор тогтвортой байдлыг хангаж өгсөн.

Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулах эрх нь УИХ-д хадгалагдаж байгаа. Парламентын  гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн, арав хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Тэгэхээр 32 ба түүнээс дээш  гишүүн гарын үсэг зурснаар засгийн тэргүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх нөхцөл бүрдэнэ. Одоогийн дүр зургаар огцруулах саналд нэгдэх 32 гишүүн өлхөн хүрчихээр харагдаж байгаа юм.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хэдийгээр Ерөнхий сайдад эрх мэдэл нэмж өгсөн ч огцруулах асуудал дээр хамгаалалт нь муу байгаа. Тодруулбал, уг хуулийн 43 дугаар зүйлд “Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заасан байдаг. Тэгэхээр 64 ба түүнээс дээш тооны гишүүн санал нэгдсэнээр Ерөнхий сайд огцрох боломжтой гэсэн үг.

“Эрдэнэ” мэт ганц кнопоо хэнд зориулах вэ

Хүн намын найман гишүүнээс Ж.Золжаргал төв талбайд жагссан залуус дээр очиж, огцрох шаардлагыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, гарын үсэг зурсан. Энэ саналаа УИХ дээр бас хамгаалах биз. Харин үлдсэн долоон гишүүн засагт байгаа хоёр сайдаа хамгаалах дүр зураг харагдаж байгаа. ИЗНН-ын дөрвөн гишүүнээс намын дарга Б.Батбаатар болон М.Нарантуяа-Нара нар Ерөнхий сайдыг авч үлдэхээр кнопоо дарахаар харагдаж байгаа. Үлдсэн хоёр гишүүний байр суурь одоогоор тодорхойгүй. Үндэсний эвслийн дөрвөн гишүүн бол огцруулах саналыг уухайлан дэмжих нь дамжиггүй.

Харин МАН-ын бүлгийн 68 гишүүн дотор MCS-ийн “тэжээвэр”-үүдээс эхлээд хоолондоо орохыг санаархаж буй хоёрдугаар ээлжнийхэн гээд Л.Оюун-Эрдэнийн эсрэг санал өгөхөд бэлэн, хоног тоолон хүлээж суугаа гишүүд олонх болохоор харагдаж буй. Л.Оюун-Эрдэнийн танхим дотор ч түүнийг унагаах сонирхолтой сайд нар бий. Л.Оюун-Эрдэний эсрэг талд нам дотор нь MCS, Сү.Батболд тэргүүтэй "олигархиуд", тэдний ар талыг хамгаалж буй У.Хүрэлсүх нарын маш хүчтэй хоршил "архиран" зогсож буй.

Тэгвэл АН-ын найман сайд нь тус бүр бүлгээсээ хоёроос гурван гишүүнийг “хайрцаглаж”, засгийг огцруулахын эсрэг санал өгүүлж чадвал бүлэг дотроо чүү ай олонх болох биз. Харин Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нарын залуу гишүүд Ерөнхий сайдыг огцруулахаа хэдийнэ ил тод зарласан байгаа. Гэхдээ засаг унавал яам, агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрүүдэд тавьсан журмын нөхөд нь дахиад гудамжинд гарахад хүрнэ гэдгийг ах нар нь сануулахаа мартахгүй байх.

Нөгөөтэйгүүр, Ерөнхий сайдад хэнийг дэвшүүлэх эрх мэдэл ялсан намын даргад бий. Энэ зохицуулалт Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд тусгагдаагүй ч намууд дотоод дүрэмдээ зааж өгсөн байгаа. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийг огцрууллаа гэхэд дараа нь намын даргаас нь бас “ховхолж” байж, хүссэн хүнээ зүтгүүлэхээр төлөвлөж байж ч мэдэх.

Хоолонд орох дараагийн ээлжийн ахлагч нь хэн бэ

Хэдийгээр Засгийн газрын тогтвортой байдал Үндсэн хуулиар хамгаалагдсан ч гэлээ нам доторх зөрчил, олон талын дайралт Л.Оюун-Эрдэнийг буланд шахаж, “өөрийн хүсэлтээр” огцорсон тохиолдолд түүний орыг хэн залгамжлах вэ? Мэдээж, огцруулах ажиллагааны захиалагчдад эрх ашгийг нь хамгаалж, хүслийг нь гүйцэлдүүлэх “утсан хүүхэлдэй”-нүүд хэрэгтэй. Тэд нь хэн байж болох вэ?  Л.Амарбаясгалан, С.Амарсайхан, Н.Учрал, Г.Тэмүүлэн, Г.Дамдинням, Б.Энхбаяр, Б.Жавхлан, Ж.Энхбаяр нарын дунд үеийнхний нэр яригдаж буй. УИХ-д хоёроос гурван удаа сонгогдчихсон энэ эрхмүүдэд өөрсдөд нь ч бас өндөр амбиц бий. Гэхдээ тэдний хэн нь өнөөдөр болох намынхаа Бага хурал дээр илүү олон хүн “хайрцаглаж” чадах бол? Хэн нь “Хүүк”-ээс дэмжлэг авч чадах вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн тухайд, албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч хуваагдмал байр суурьтай байгаа. Нэгдэж чадах ч үгүй биз. Үүнийгээ олон ургальч үзэл гэж тайлбарладаг. С.Эрдэнэ намын даргын албыг хаших хугацаандаа нам, бүлгийн нэгдсэн шийдвэрийг дагаагүй гэдэг шалтгаанаар хэд хэдэн лидерээ намаасаа хөөж байсан удаатай. Энэ нь тус намын хүч сулрахад ихээхэн нөлөө үзүүлснийг цаг хугацаа харуулаад өгсөн. Өнөөдөр Лу.Гантөмөр, О.Цогтгэрэл хоёр тэр түүхийг давтаж зүрхлэхгүй л болов уу. Ямартай ч тэд засгаас гарлаа гэхэд сонгууль хүртэл сөрөг хүчний байр сууриа бэхжүүлэхээс өөр замгүй.

Хамтарсан Засгийн газрыг унагаагаад хэн хожиж, хэн хохирох вэ

Том зургаар нь харвал хамтарсан Засгийн газрыг огцруулснаар Монгол Улс, монголчууд хожих дүр зураг тун бүрхэг байгаа юм. Энэ Засгийн газраас хэрэгжүүлэхээр зарласан 14 мега төсөл нь Монгол Улсын эдийн засгийг тэлэх төдийгүй стратегийн ач холбогдолтой салбаруудаа хамгаалахад чухал үүрэгтэй.  Тухайлбал, 150 мянган ажлын байр шинээр бий болж, ДНБ хоёр дахин нэмэгдэнэ. Дотоодын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах, улмаар экспортлох ч боломж бүрдэнэ гэж тооцоолсон байдаг. Түүнчлэн тогтвортой, томоохон төсөл хэрэгжүүлдэг улс гэдэг мессежийг гадагшаа өгч, хөрөнгө оруулалтыг татах боломж харагдаж байгаа юм.

Харин хэрэгжүүлэхгүй бол яах вэ? Эдийн засгийн тэлэлт саарч, өнөөх л уул уурхайгаас хэт хамааралтай болон импортын хараат байдал хэвээр үргэлжилнэ. Өндөр үнэлэмжтэй ажлын байр нэмэгдэхгүй  болохоор ажиллах хүчний гадагш урсгал ч саарахгүй. Нэгэнт дотооддоо орлогоо нэмэгдүүлж чадахгүй болохоор жилээс жилд өсгөдөг төсвийн зардлаас улбаатай гадаад өр ч нэмэгдсээр байх биз.

Парламентад суудалтай улс төрийн намууд мега төслүүдийн хэрэгцээ, ач холбогдлыг хүлээн зөшөөрч, үнэлж байгаа ч хэн хэрэгжүүлэх вэ гэдэг дээр байр суурь зөрөлдөж байна. Тухайлбал, өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Мега төслийг хэрэгжүүлэхэд заавал төр оролцох шаардлагагүй, төрийн өмчит компани нэмэгдэх тусам төр данхайна” гэсэн байр суурь илэрхийлээд амжсан. Ортой л үг. Гэхдээ АНУ, Польш зэрэг олон оронд сэргээгпдэх эрчим хүчний төслүүд хэрэгжүүлж буй Норвегийн “Equinor ASA”,  БНХАУ-ын эрчим хүчний 80 хувийг дангаараа хангадаг “State Grid Corporation”, стратегийн салбаруудад хөрөнгө оруулалт хийдэг Сингапурын “Temasek Holdings” зэрэг төрийн бодлогыг хэрэгжүүлэн, стратегийн салбаруудыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, маш амжилттай, ашигтайгаар үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит корпорациудыг нэрлэж болно. Манай нөхцөлд бол эхний ээлжинд хэдхэн хүний гарт төвлөрсөн  баялгийг ард түмний мэдэлд шилжүүлж, тэгш хуваарилах, энэ ажлыг төр өөрөө гардан зохион байгуулах шаардлага тулгараад буй.

Эцэст нь дүгнээд хэлэхэд, сүүлийн өдрүүдэд өрнөж байгаа улс төрийн тоглолт бол зөвхөн албан тушаалын асуудал биш. Баялгийн хуваарилалтыг тэгш, хүртээмжтэй байлгах үзэл санаа хэрэгжих эсэх, цаашид монгол хүн харь газар “боол”-ын хөдөлмөр эрхлэх бус эх орондоо эзний ёсоор амьдрах боломж бүрдэх эсэхийг шийдвэрлэх эрх ашгийн төлөөх томоохон тэмцэл юм.