Э.Ирэхбаяр
Редактор
Засгийн газар
2025.05.21 13:07
997
П.НАРАНБАЯР: Хамтарсан Засгийн газар байгуулах гурван намын хариуцлагын гэрээнд улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьсан

УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн П.Наранбаяраас Засгийн газрын огцрох эсэх асуудлаар байр суурийг нь тодрууллаа.

Та Засгийн газрын гишүүн учраас танхимаа үргэлжлүүлэн ажиллах ёстой гэдэг байр суурин дээр байх нь ойлгомжтой. Хамтарсан Засгийн газрыг заавал үлдээх шалтгааныг нэрлээч гэвэл юуг хэлэх вэ?

ЗГ-ын хуралдаан дээр Л.Гантөмөр сайд мега төслүүдийнхээ явцыг танилцуулсан. Зөвхөн төмөр замыг ашиглалтад орууллаа гэхэд л тээвэрлэх зардал дөрөв дахин хямдарна гэж байна. Тэгэхээр энэ бол үндэсний эрх ашигт нийцэж байна гэсэн үг. Өнөөдрийг хүртэл нүүрсний зөвхөн тээврээс нь ашиг олж байсан хүний эрх ашиг хөндөгдөж байгааг үгүйсгэх аргагүй. Цаашид ч босоо тэнхлэгийн төмөр замууд ашиглалтад орно. Ингэснээр Монгол Улс томоохон тоглогч болж хувирч байгаа юм. Өмнө нь төмөр зам барих гэхээр өргөн, нарийн цариг ярьж байгаад бариулаагүй гашуун түүх бий. Владивостокоос Манжуур хүртэл холболт зөрчихлөө шүү дээ. Энэ нөхцөл байдлаас харсан ч бид тоглогч гэдэг байр сууриа хамгаалах ёстой.

Хамт явж байгаа танхимын сайд нараа харахад бүгд л ажлаа нугалахын төлөө зүтгэж байна. Хамтарсан Засгийн газар хэрэв үргэлжлүүлэн ажиллах юм бол илүү их зүйлийг бүтээнэ гэдгийг би хариуцлагатайгаар хэлж чадна.

Хоёрдугаарт, Монгол Улс Үндсэн хуулиа өөрчлөөд, сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн нь өөрөө Европын холбооны хөгжлийн чиглэл рүү явж байгаа хэрэг. Энэ тохиолдолд Засгийн газар хамтрах нь хамгийн нийцтэй байдаг. Хамтарсан ЗГ-ыг үнэлэх иргэдийн харах өнцөг ч өөрчлөгддөг. Хариуцлагагүйгээр засгаас гарсан намд иргэд дараа нь санал өгдөггүй. Яагаад гэвэл хариуцлагагүй хүмүүс гэж үздэг юм байна. Хамтраад идэж ууж байна, хамтраад алдаагаа нууж байна гэх мэт шүүмжлэлүүд цаг зуурынх гэж бодож байна.

Хамтарсан Засгийн газарт багтсан гурван нам хоорондоо яг ямар гэрээ байгуулсан юм бэ?

Хамтарсан Засгийн газрыг байгуулахад гурван нам хоорондоо хариуцлагын гэрээ, санамж бичиг байгуулсан. Энэ гэрээнд улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьсан. Хувийн эрх ашгийг хэн ч дурдаагүй. Мэдээж, болохгүй байгаа  зүйлээ дотроо шүүмжилнэ.

Ардчиллын өлгий нутаг АНУ улс орнуудын итгэлийг алдаж байгаа энэ нөхцөл байдалд хоёр том гүрний дунд байгаа, парламентын засаглалтай Монгол Улс жаахан ардчиллаа хамгаалахад хамтарсан Засгийн газар хамгийн зөв шийдэл гэдэг байр суурин дээрээ хатуу зогсох болно гэдгээ Ерөнхий сайд илэрхийлсэн.

Хэрэв хамтарсан ЗГ огцорвол 14 мега төслийг цааш үргэлжлүүлэх боломж хэр байгаа бол?

Үүнд нөгөө талаасаа шалтгаалах зүйл байна. Итгэж болох уу гэдэг асуудал үүснэ. Хамгийн гол нь цаг алдана. Шинэ сайд нар гарч ирж, ажилтайгаа танилцана. Өөрийнхөө багийг авчирна. Тэд нь бас ажилтайгаа танилцана. Гэтэл бидэнд цаг алдах эрх алга.

Хэдийгээр АНУ, Хятад хоёр улс тарифын нөхцөлөө түр хойш тавьсан ч гэсэн бидний зулай дээр сугалагдсан илд хэвээрээ л байна, хэзээ тасарч унахыг бүү мэд. Тиймээс бид цаг алдаж, байрандаа сууж огт болохгүй.

Бүтээмжийн менежерүүд томилсныг та дэмжиж байгаа юу?

Бүтээмжийн менежерүүд томилсноор зарим бугшсан асуудал ил болж байгаа. Орон нутагт тендер зарлахгүйгээр худалдан авалт хийхээс эхлээд хэдэн арван тэрбумын тендер, төслийн цаана нуугдсан олон асуудлыг ил болгож байгаа. Тэгэхээр эерэг, сөрөг хоёр талаас нь харахыг хүсэж байна.

Шууд дамжуулалт үзэх холбоос: