Хэрэв хамтарсан Засгийн газар огцорвол улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд ямар өөрчлөлт гарна гэж та харж байна вэ?
МАН-ын бүлэг УИХ-д 68 суудалтай. Бусад нь 58 суудалтай. Энэ 58 гишүүнийг сөрөг хүчин болно гэж тооцвол бүх шийдвэр гацна. Асуудал бүр дээр завсарлага авна. Унана. Та бүхэн УИХ-ын ирцийг хардаг байх. Гишүүдийг ирээч гэж гуйна, бараг хадаг сүү барих нь холгүй. Монгол Улс улс төр, нийгэм, эдийн засгийн хувьд гүн хар ангал руу эргэж буцалтгүй унана. Ам.долларын ханш шууд 10 мянгад хүрнэ. Ноолуурын ханш 5000 хүртэл унана. Сүйрэл болно.
Тиймээс эвсээд, хамтраад засаг төрөө байгуулаад явах уу эсвэл улс төрийн хямрал руу орох уу гэдэг хоёр сонголтын өмнө бид ирээд байна. Бага хурал дээр одоогоор ярилцаж дуусаагүй байна.
Стратегийн орд газруудын асуудлыг бүгдийг цогцоор нь ярья гэж ЗГ болон УИХ дээр ярьж байгаа юм байна. Монголын ард түмэн Үндэсний баялгийн сангийн хуулийнхаа хүрээнд хувь эзэмшлээ тогтоогоод явах ёстой.
Залуучууд найм дахь өдөртөө жагсаж, огцрохыг шаардаж байна. Ерөнхий сайдын зүгээс гараад залуучуудтайгаа нүүр тулан уулзъя гэдэг байр суурийг илэрхийлж байна уу?
Жагсаал цуглаан бол өчигдөр ч байсан, өнөөдөр ч байна, хойшид ч байна. Дэлхийн бүх улс оронд болж байгаа. Жагаал цуглаангүй улс орон гэж байхгүй. Тэндээс ажилд нь тус болох санал санаачилгыг хүлээж аваад, алдаа дутагдал байвал засаж залруулаад, улс орон цааш явах ёстой.
Засгийн газрын зарим гишүүн танхимын тэргүүнийхээ эсрэг байр суурьтай байх шиг...?
Шулуухан хэлэхэд, Ерөнхий сайддаа хань болж чадахгүй байгаа сайд нарыг шууд чөлөөлөх хэрэгтэй. Хүний, өөрийн ялгаагүй. Кабинет гэдэг бол хамтын шийдвэр. Хамтдаа улс төрийн галаа үүрэх ёстой. Тиймээс амиа хоохойлсон улсыг явуулах л хэрэгтэй. Мөн салбарынх нь ажил унаж, иргэдийн бухимдлыг хамгийн ихээр төрүүлж байгаа сайд нарыг ч явуулах хэрэгтэй.
Дангаараа засаглах сонирхолтой байгаа бага хурлын гишүүд байна шүү дээ. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?
Байгаа. Зөндөө байгаа. Тэр хүмүүст хэлэхэд, үүнээс үүдэх улс төрийн болон эдийн засгийн хариуцлага, төр, ард түмний нуруун дээр ирэх ачааг үүрч, хариуцлага хүлээж чадна гэж бодож байвал түүндээ эзэн байх хэрэгтэй. Эцсийн дүндээ, энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацааны төгсгөлд хариуцлагыг Ардын нам л хүлээнэ.
Шууд дамжуулалт үзэх: