Өнөөдөр /2025.05.21/ 16 цагийн орчимд эхэлсэн МАН-ын Бага хурал 21 цагийн алдад түр завсарлалаа. Энэ үеэр Бага хурлын гишүүн, хуульч Ж.Эрхэмбаатараас байр суурийг нь сонирхлоо.
Хамтарсан Засгийн газар хууль бус гэж зарим гишүүд хэлж байгаа. Та хуульч хүний хувьд үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
Засгийн газар байгуулагдаад багагүй хугацаа өнгөрсөн байна. ЗГ-ыг УИХ-аас байгуулсан. Мэдээж, Үндсэн хуульд заасан үндэслэлийн дагуу томилгоо хийгдсэн. Энэ нь хэрэв хууль бус байсан бол ҮХЦ-д хандах боломж байсан. Тэгэхээр ямар үндэслэлээр хууль бус гэж хэлээд байгааг ерөөсөө ойлгоогүй.
Сонгуулийн үр дүнгээр олонхын суудал авсан улс төрийн хүчин засгаа байгуулах эрхтэй. 2024 оны сонгуулийн үр дүнгээр МАН олонх болсон. Гэхдээ мега төслүүдийг хөдөлгөхөд цөөнхийн дэмжлэг хэрэгтэй гэж үзээд засгаа хамтарч байгуулсан. Хоёрдугаарт, цөөнхийн дуу хоолой төрийн шийдвэрт тусах нь өөрөө сонгогчдын бас хүсэл шүү дээ. Тэгэхээр нэгдссэн том эрх ашгийнхаа төлөө цөөнхийн төлөөллийг засгийн газарт оруулж ирэх нь бас зөв.
АН-ын дөрвөн гишүүн Ерөнхий сайдыг огцруулах жагсаалд нэгдэж, гарын үсэг зурсан. Энэ нь МАН-ын Бага хурлыг хуралдуулахад хүргэсэн гэж үнэн үү?
УИХ-ын гишүүн нийтийн эрх ашгийг хангаж ажиллах ёстой. Магадгүй, зарим нь хувийн жижиг эрх ашгийн төлөө улс төрийн акци хийх тохиолдол өмнө нь ч байсан, хойшид ч байх биз. Гэхдээ энэ нь Засгийн газар ганхах хэмжээний ноцтой үр дүнд хүргэхгүй байх гэж бодож байна.
Хамтарсан Засгийн газрын хувьд том төслүүдийг явуулах шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Зарим төслүүдийг хэрэгжүүлэх гэхээр зориуд гацааж, унагаж байсан тохиолдол зөндөө бий. Тэгэхээр засгаа хамтарч байгуулах нь төслүүдээ хамтдаа явуулъя гэсэн шийдэл шүү дээ. Үр дүнгээ өгч байгаа гэж бодож байгаа.
Ерөнхий сайдад ёс зүйн хариуцлага хүлээлгэх асуудал яригдсан уу?
Би хуульч хүний хувьд аливаа асуудалд дүгнэлт хийхийн тулд тодорхой баримт дээр тулгуурладаг. Энэ асуудлын тухайд, олон нийтийн сүлжээ, хэвлэлээс авсан мэдээлэлтэй байгаа. Гэхдээ үүнд тодорхой үнэлэлт дүгнэт өгөх бололцоогүй..