Э.Ирэхбаяр
Редактор
Улс төр
2025.05.22 11:49
2537
Хамтралаа хамгаалж чадаагүй Л.Оюун-Эрдэнийг хэн залгамжлах вэ

Ерөнхий сайдын хүүхдийн тансаглалд дургүйцэж, орлогоо нотлохыг шаардаж эхлүүлсэн жагсаал МАН-ын Бага хурлыг хуралдуулахад хүргэж, засагт хамтарсан намаа гэрээгээ зөрчсөн нэрийдлээр шахан гаргах шийдвэр гаргаснаар хурал нь өндөрлөв. Ёстой л Бээжин найтаахад Улаанбаатар ханиад хүрнэ гэгч л болох шив.

Үнэн хэрэгтээ Засгийн газрыг унагаах асуудал эртнээс бичигдсэн зохиолын дагуу өрнөж байсан ч Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглал “гал дээр тос нэмэх” таатай нөхцөл бүрдүүлж, үйл явцыг хурдасгачихсан хэрэг.   

Бүтэн 12 цаг үргэлжилсэн МАН-ын Бага хурлын үеэр 44 гишүүн асуулт тавьж, намын даргаа тал талаас нь “ээрч”, илэн далангүй яриулсан гэдгээ завсарлагааны үеэр гарч ирэхдээ хэлцгээж байсан. Эцэст нь сүрхий дуулиан тарьсан тансаглал 30 дугаар асуудал болж, хамтрагчаа тойргоос гаргав. Хэдийгээр гэрээгээ зөрчсөн гэсэн үндэслэл хэлж байгаа ч гэрээний яг ямар заалтыг хэрхэн зөрчсөн гэдэг асуултад хариулах хүн Бага хурлын гишүүдээс гарсангүй.

Ямартай ч  өнөөдөр болох АН-ын Улс төрийн зөвлөлийн хурлаар Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа, С.Цэнгүүн нарыг хэлэлцэнэ гэдэг “бор шувуу” нисгэж байна. Тэгэхээр “хариуцлагын” гэсэн тодотголтой гурван намын гэрээнд засгийн бүрэлдэхүүнд багтсан намын гишүүд засгаа огцруулах асуудал хөндөж болохгүй гэсэн агуулгатай заалт тусгасан гэж ойлгогдож байгаа юм.

“АН-ыг засгаас гаргавал би ажлаа өгнө” гэж Ерөнхий сайд хэлсэн гэх мэдээлэл гурав хоногийн өмнөөс цацагдаж эхэлсэн нь оргүй ч биш бололтой. Тэрбээр өргөдлөө өгөхөөр болсон гэдгийг ойрын эх сурвалжууд хэлж байна.

Тэгэхээр дараагийн танхимын тэргүүн хэн байх вэ, дангаараа засаглах уу эсвэл хамтрах уу, хамтарлаа гэхэд аль намыг сонгох вэ гэдэг асуудал хамгийн ихээр анхаарал татаж байна.

2024-2028 оны парламентад олонх болсон Ардын нам дангаараа Засгийн газраа байгуулах боломжтой байсан. Гэхдээ нөгөө талд нь нийт 58 суудал эзэлж байгаа бусад намууд нийлээд хүчтэй сөрөг хүчин болох тул асуудлуудыг гацааж, ажил явуулахад хүндрэлтэй байна гэдгийг тооцоолж, засгаа хамтарч байгуулах шийдвэр гаргасан гэдэг. Энэ удаа ч тэд засгаа хамтарч байгуулах төлөвтэй байна. Бага хурлын гишүүд нь ч засгаа хамтран байгуулах нь хамгийн зөв шийдэл гэдэг байр суурийг илэрхийлцгээж байсан. Тэгэхээр АН-ын бүлгийг оруулахгүйгээр парламентад суудалтай бусад намуудаас сонголт хийж таарна. Хүн болон ИЗНН, Үндэсний эвсэл нийлээд 16 гишүүнтэй. Тэдэнд ихдээ л дөрвөн сайд өгөх биз. Тэгвэл шинээр байгуулагдах Засгийн газрыг одоогийн Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгтэйгээр толгойлно гэдэг “бор шувуу” урьд шөнөөс нисэж эхэлсэн. Хэрхэх нь ойрын өдрүүдэд харагдана.

Засгаас хасагдаж байгаа АН-ын сайд нараас Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд олон нийт ам сайтай байсан, энэ удаа түүнийг санаачилсан хуулийн төслүүдээ батлуулж чадахгүйд хүрсэнд харамсаж байгаагаа олон нийт илэрхийлж, цахим талбартаа бичсээр байна.

Ийнхүү Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан хамтарсан Засгийн газрын аялал энэ хүрээд өндөрлөж, тэдний хөдөлгөж эхэлсэн мега төслүүдийн хувь заяа бүрхэг болж,  Нийтийн албан тушаалтны хууль бусаар олсон хөрөнгийг хураах хуулийн төсөл ч буцаан татагдах нөхцөл байдал үүслээ.

Уг нь төрийн дээр хууль л байх ёстой. Гэтэл манайд төр болон хуулийн дээр нам заларсан гажуудлыг МАН дахин батлан харууллаа. Нам доторх зөрчил монгол төрийг донсолгож, намд нөлөө бүхий эрхмүүд төрийг хүссэнээрээ залж байна.  

Одоо дараагийн Засгийн газрыг хэн толгойлж, бүрэлдэхүүнд нь ямар нам багтахаас үл хамаарч, улс орны эрх ашгийн үүднээс өмнөх танхимын эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлэх, илүү сайжруулах үүрэг хариуцлага үүрч байгаагаа ухамсарлах хэрэгтэй.