Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.05.23 11:08
171
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй харилцах сэтгэл зүйн онцлог” сэдэвт сургалтыг зохион байгууллаа
Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуультай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй харилцах сэтгэл зүйн онцлог” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын үйл ажиллагааг нээж дарга, хурандаа Г.Галбадрах үг хэлж амжилт хүслээ. Энэхүү сургалтаар алба хаагчдад нийслэлийн Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн багш нар сонсгол болон харааны бэрхшээлтэй, дауны хам шинжтэй, аутизмтай хүүхдүүдтэй харьцахад анхаарах зүйлсийн талаар мэдээлэл хүргэж, дохионы хэлний анхан шатны мэдлэгийг дээшлүүлэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг болзошгүй аюулт үзэгдэл, осол, гал түймрийн үед тээвэрлэх талаар хамтарсан дадлага сургуулийг хийсэн юм.
Мөн энэ үеэр нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн 145 багш, ажилтан, албан хаагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургууль, 186 дугаар цэцэрлэгийн барилга байгууламжид галын аюулгүй байдлын үзлэг шалгалт хийж, заавар, зөвлөмж хүргэлээ.
Тус сургалтад нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжийн ангиллын сургалт сурталчилгаа, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтнүүд, бүлгийн дарга, салааны захирагч нар нийт 68 алба хаагч хамрагдлаа.