m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.05.23 11:32
140
Кубын эрчим хүчний систем маш хүнд байдалд орсныг хүлээн зөвшөөрөв

 

Цахилгаан станцуудын хэврэг, хуучин байдал, засвар үйлчилгээний санхүүжилт байхгүй, түлш тасалдсан зэргээс улс орны эрчим хүчний систем ихээхэн хүндэрсэн гэдгийг Кубын Засгийн газар өчигдөр хүлээн зөвшөөрчээ. “Нөхцөл байдал маш хүнд байна. Олон цагаар гэрэл, цахилгаан тасалдсан хэвээр” хэмээн Кубын Эрчим хүчний холбооны захирал Альфредо Лопез телевизээр мэдэгдэл хийхдээ онцолжээ. Сүүлийн хэдэн долоо хоногт куба иргэд өдөрт 21 хүртэл цаг гэрэлгүй амьдарч байна. Кубын цахилгаан станцууд өдөр тутмын хэрэглээний 63 гигаватт цахилгааны дөнгөж 45 гигаваттыг үйлдвэрлэж байгаа аж. Харанхуйлах цаг улам нэмэгдсээр, нөхцөл байдал бүр дордож байна хэмээн Эрчим хүчний дэд сайд Архелио Хесүс мэдэгдэв. Цахилгаан станцуудыг засаж сэлбэх ажил хийгдэж байгаа ч урсгал зардал, засвар үйлчилгээнд санхүүжилт ихээхэн дутагдсан хэвээр байгаа аж. “2017 оноос хойш засвар үйлчилгээ доголдсоор ирсэн. Одоо бидэнд маш бага нөөц үлдсэн” хэмээн Лопез сануулав. Куба улс дөрвөн жилийн өмнөөс эрчим хүчний хурц хямралд нэрвэгдсэн. Эрчим хүчний хуучирч муудсан систем сүүлийн зургаан сарын дотор дөрвөн удаа нурж, улс орон даяар харанхуйлж байсан юм. Эрчим хүчний сүлжээг тэтгэдэг гол найман дулааны цахилгаан станц элэгдэж муудсан, Турк улсаас түрээслэдэг хөвөгч станц, генератор байдаг ч дизель түлшийг нь импортлоход ихээхэн хүндрэл учирсаар байна. Сүүлийн үед Кубад 38 градус хүрч халж байгаа тул эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгджээ. Кубын эрх баригчид хямралыг шийдэх арга зам хайхдаа Хятадад үйлдвэрлэсэн нарны эрчим хүч цуглуулах 51 паркийг нээхээр төлөвлөж байна. Эдгээр нарны хавтангууд нь 1115 мегаватт цахилгаан үйлдвэрлэнэ хэмээн тооцоолжээ.