Австралийн Өмнөд Шинэ Уэльс мужийн (нийслэл нь Сидней) нутгаар хоёр хоног аадар бороо орж ердийн үед дөрвөн сарынхтай тэнцэхүйц хэмжээний хур тунадас буулаа. Сиднейгээс зүүн хойд зүгт 400 км-т орших North Coast дүүрэгт үер бууж гурван хүн амь насаа алджээ. Олон тосгон, сууринд усны түвшин огцом нэмэгдэж, оршин суугчид байшингийн дээвэр дээр гарч аврагдаж байна. Эрх баригчид нисдэг тэрэг, завь, дрон дайчилж алслагдмал газарт эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байна. “Дараагийн 24 цагт илүү муу мэдээ дуулдаж магадгүйг хэлэх хэрэгтэй. Энэхүү байгалийн гамшиг аймшигтай хохирол учруулж эхлээд байна” хэмээн Өмнөд Шинэ Уэльс мужийн захирагч Крис Миннс мэдэгдэв. Маклай голын эрэг дээр байдаг Кэмпси тосгон ямар ч завдал өгөлгүй усанд живж далд оржээ. Тус мужид 20 мянган хүн үерт хашигдаж, эм тариа, хоол хүнсгүй болоод байна. Үерт хашигдсан хүний тоо нийтдээ 50 мянгад хүрсэн хэмээн мужийн захирагч хэлжээ.